
Дундговь аймгийн удирдлагууд Луус, Хулд, Дэлгэрхангай, Отрын бүс нутаг, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчид нэн түрүүнд ямар дэмжлэг туслалцаа хүсч буйг тандан 20 гаруй хот айлд бууж, 100 гаруй малчидтай уулзаад иржээ. Дээрх сумдад цас их орсноор өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн малчид малаа бэлчээрт гаргах боломжгүйгээс тэжээл, өвс ихээр шаардагдаж байгаа юм. Өнгөрсөн намар мал, махны үнэ хэт унаснаас малчид бэлэн мөнгөний хомсдолд орж, үүний улмаас өвс, тэжээл нэмж авах боломжгүй болсон ажээ.
Түүнчлэн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын нутагт отрын адуу, бог мал ихээр ирснээс бэлчээр хомсдож, хавар хүндрэх төлөвтэй болжээ. Хулд сумын Даага, Далангийн нуруу, Шарангадаад нутаглаж байсан тус сумын болон отрын 16- мянган адуу уруудсан байна. Тиймээс адууны отрын гэрээ хэлэлцээрийг зэргэлдээ аймгийн удирдлагуудтай хийх, адууны отрын түр штаб байгуулах хэрэгцээ байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга С.Буджав ярьж байлаа.
Аймгийн удирдлагууд цаг хүндэрсэн сумдад ажиллаж ирээд хэд, хэдэн ажлыг хийхээр болжээ. Тодруулбал, “Хаан” банкны удирдлагуудтай уулзаж, цагийн хэцүүд малчдад өвс, тэжээлийн зээл олгоход анхаарахыг хүссэн байна. Мөн сурагчдын амралтыг Цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын 15-нд эхлүүлэх зохицуулалт хийжээ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн удирдлагуудтай адууны отрын гэрээ хийхээр урьдчилан хоёр тал тохиролцсон байна. Сум малчдад хэрэгцээтэй өвс, тэжээлийн цувааг энэ 7 хоногтоо багтаан гаргах ажээ.
Махны үнэ буурснаас малчид бэлэн мөнгөний хомсдолд оржээ | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.