Шууд Chart

Тэд улс төрийг ингэж “хийдэг”

2016-01-28 09:38:39

Сумын төвийн нэг клубт шинэ гэдэг нь илт мэдэгдэх загвар муутайхан даашинз өмсөж нүүрээ муухан будсан эмэгтэй хундагатай архи бариад инээд алдан зогсоно. Их хурлын гишүүн ширээн дээр нь ирж хундага тулгаж архи уусанд, бас ч үгүй сумандаа зохион байгуулагдсан шилдэг малчин эмэгтэйчүүдийн чуулганд оролцсондоо баяртай байгаа.

Ийм дүр зургийг сонгууль дөхсөн үед бол сумын төв гэлтгүй хотын захын дүүргүүдээс ч харж болно. Тэд улс төрийг ингэж л хийдэг.

Өндийх ч завгүй шахуу малчны амьдралаас нэг өдөр салж, нүүрээ будуулж, үсээ засуулаад даашинз өмсөж оройн хүлээн авалтад оролцох нь буруу хэрэг биш ч сонгуулийн өдөр нийгмийн олонх болсон орон нутгийн тэдгээр иргэд өөртэй нь хундага тулгасан тэр эрхмийн нэрийг л дугуйлна гэж бодоход халагламаар. Тэр хүн аймгийнхаа иргэдэд бэлэг тарааж, гэрээр нь зочилдог ч улс орныхоо ирээдүйг бодсон бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй бол яах вэ. Сонгуульд ингэж л ялсан гэмээр гишүүд, сайд нар чамгүй олон бий.

Үнэндээ нийт иргэдийн хичнээн хувь нь бодит байдалд үнэлгээ хийж, инфляци юунаас болж өсч байгаа, гадаад зах зээлд зэсийн үнэ яагаад унаж байгаа, түүнд Монголын эдийн засаг ямар хамааралтай талаар дүгнэж чадах бол. Өнөө алдарт жишээ болсон талхаа таллаж худалдаж авдаг Долоон буудлын Должин эмээ сонгуулийн өдөр санал өгөхдөө өөрт нь цагаан будаа өгсөн хүний нэрийг л сонгоно. Энэ бол үнэн.

Харин манай улс төрийн намууд үүнийг мэддэг учраас л “хямдхан” арга хэрэглэж гурил, нүүрсхэнээр аргалдаг. Сонгогчдын боловсрол зэргийн талаар яриад ч хэрэггүй, сонгогчдыг боловсрол, мэдлэгтэй болгохыг ч хүсдэггүй биз.

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа энэ парламентын гишүүд дундаас хошин гэмээр бэлэг тарааж, сонгогчдодоо үнэгүй гурил, будаа өгөөгүй гишүүн бараг байхгүй.

Хамгийн сүүлд тараасан “бэлэг”-ний талаар товч өгүүлье.

Алдарт “бидон” Ганбаа энэ жагсаалтад орох нь дамжиггүй. Тэр Баянхонгорын иргэдэд өөрийнхөө нэрийг 40 литрийн бидон, шанага хүртэл тараасан. Түүнд хэн ийм PR хийхийг зөвлөдөг нь сонин. Өөрийнхөө нэрийг мөнхлөх хүсэлтэй нэгэн байх. 

Нэг хэсэг нийслэлийн дүүргүүдэд нүүрс тарааж буян үйлдсэн гишүүн бол О.Магнай, Г.Баярсайхан нар. Нэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан, харин өнөөх нь Хөдөлмөрийн сайд. Утгаар нь бодвол аль, аль нь л зүгээр сууж байгаад нүүрсээр иргэдийн санал худалдаж авахын эсрэг баймаар албан тушаалтай.  

Мөн Д.Бат-Эрдэнэ гишүүний нутгийн хөгшчүүлдээ шинэ жилээр бэлэглэсэн автобус байна.  Ахмадуудад сайн санаж буян үйлдсэн гэж тайлбарлаж болох ч өнөө Долоон буудлын Должин эмээ шиг л ахмадуудын саналыг худалдаж авах гэсэн оролдлого шүү дээ.

Эмэгтэй гишүүд ч мөн энд багтана. Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзалт хийхийн тулд урилгаа үзүүлээд нэгж тараана гэдэг бас л ядмагхан санаа. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт утсандаа нэгж ч болов үнэгүй авахыг хүсдэг амьжиргааны түвшин доогуур олон өрх байдаг гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэлгүй яахав.

Сүүлийн үед хийгдсэн сонгуулийн ядмагхан сурталчилгаа үүгээр дуусаагүй. М.Батчимэг гишүүн 8000 төгрөгийн үнэтэй уран сайхны кино үзэх тасалбар тараав.

За тэгээд Лу.Болдын хаяхад ч хэцүү, авахад ч хэцүү хиймэл цом, С.Бямбацогтын жижиг хэмжээний мөнгөн аяга гээд нийтэд биш ч тодорхой хүрээний хүмүүст тараагдсан өрөвдмөөр бэлгүүдийг нэрлэж болно.

Үүнээс гадна мөнгө үрж бэлэг тараахгүй ч хэлбэрдэж, шоуддаг хэдэн гишүүн бий. Цасанд  суусан машиныг ухаж гаргасан, ямаа самнаж, толгойдоо алчуур углаж байгаад эмнэлгийн өрөө цэвэрлэж хүртэл “гоё” харагдахыг хичээсэн. Шинэ жилийн баярын дараа Л.Эрдэнэчимэг гишүүн нэгэн телевийн нэвтрүүлэгт орж байхдаа сэтгүүлчийн “Та яаж баярлав” гэсэн асуултад “Зуслангийн байшиндаа хүмүүст хоол хийгээд л. Манайх ус татаагүй болохоор тэгээд угаадсаа зөөж асгаад л” гэж хариулсан нь хүртэл өөрийгөө дөвийлгөх гэсэн ядмаг PR. Өөрөөр хэлбэл, энэ гишүүн ээжүүд, эмэгтэйчүүдийн тэр битгий хэл, жаахан охидын хурууныхаа үзүүрээр шахуу хийдэг ажлыг сүр болгон хэлж, ичгэвтэр байдалд орсон. PR хийж болно. Гэхдээ түүнийг зөв хийх хэрэгтэй шүү дээ.

Саяхан твиттерээс “Манайхны ой тогтоолт сайтай гэж юу байхав дээ. Улс төрчдийн юу хийснийг хоёр хоноод л мартдаг биз дээ” гэсэн жиргээг олж харав. Нэгэнт л иргэдийнхээ дийлэнх хувийг улс төр, эдийн засгийн талаар сайтар мэдлэгтэй болгож чадахгүйгээс хойш ядаж улс төрчдийн юу амлаад, юу хийснийг нь мартдаггүй л байя.    

Нийтэлсэн: О.Энхмаа

Тэд улс төрийг ингэж “хийдэг”  
Үзсэн: 3447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-28 16:53
өнгөрсөн үеэ дурсаж гиюурсэн Золжаргалын, уянгын халил нь хэтэрсэн хэнд ч хэрэггүй Лханаа Мөнхтөрийн нийтлэлийг бодвол илүү дутуу үггүй дажгүй нийтлэл болсон байна. яг гашуун үнэнийг хөөрхөн шог байдлаар бичсэн шог ч гэждээ үнэн байдал нь өөрөө шог юм чинь
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2016-01-28 10:33
hen neg ni heregtei humuusd ni tusalj l baig l dee bi iim yam ta nart ugluu minii tuluu sanalaa uguurei gej heleegui yam baigaa biz dee tegeed ter humuus chini hend sanalaa uguhuu uursduu medne shuu dee

Бидэнтэй нэгдээрэй