Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-01-30 09:58:00

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.  


Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1000 инженерийг Япон улсад бэлтгэхээр болсон. Энэ төслийн хүрээнд 94 оюутан, багш судлаачид тус улсад суралцах батламжаа гардлаа. Тэд 20 гаруй мэргэжлээр суралцаж мөн хамтарсан судалгаа хийх юм. Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа 2014-2023 он хүртэлх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нийт 75 сая долларын өртөгтэй. Энэ төсөл нь Коосэн сургалтын, хос бакалаврын, хамтарсан судалгаа гэсэн үе шаттайгаар хэрэгжинэ. Батламжаа гардаж авсан дээрх 24 оюутнаас гадна манай улсын 10 гаруй багш, судлаачид Японы эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийхээр болсон. Тухайлбал, Япондоо нэр хүндтэй Рикэн судалгааны төвд монгол эрдэмтэн Малын тэжээлийн ургамалд ашигтай ген суулгах туршилтыг хийхээр болжээ. Мөн сансрын инженерчлэлийн програм буюу сансраас дэлхийн зургийг хамгийн нягтаршил сайтай авах камер зохион бүтээхэд Монголын эрдэмтэд Японы судлаачидтай хамтарч ажиллахаар боллоо. Цаашид инженер технологийн чиглэлээр мэргэших сонирхолтой 40-50 оюутныг жил бүр Япон Улс руу илгээнэ. Ингэснээр 2023 он гэхэд 1000 гаруй инженерийг бэлтгэж дуусах юм.


УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Шөнийн 01:00 цаг өнгөртөл гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаан үргэлжилсэн. Санал хураалт явуулахаас өмнө чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС унших боломжтой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад санал өгсөн 73 гишүүнээс 42 нь огцруулах саналыг дэмжээгүй.  Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах боллоо.


Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхсан юм. Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнесийн төлөөлөгч ирсэн. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум болсон. Форумд хоёр улсын Ерөнхий сайд оролцож, үг хэлсэн юм. “Монгол-Унгарын бизнес форум”-д Монгол Улсын 200 гаруй, Унгар Улсын 40 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Форумын төгсгөлд хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.  


 

Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад энэ долоо хоногт  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.


Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цастай байгаагаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаанаар зудархуу байна. Өнгөрөгч 12 дугаар сард Засгийн газраас өвөлжилтөд зориулж 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Уг тогтоолоор батлагдсан шуурхай албаны үйлчилгээнд зориулж улсын нөөцөөс 10 автомашиныг Баянхонгор, Булган, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймагт олгожээ. Улсын нөөцийн салбар, цэгүүдэд байгаа 2011-2013 онд бүрдүүлсэн 6.565 тн өвс, 2011-2014 онд бүрдүүлсэн 2.678 тн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хуваарилан олгоод байна. Мөн Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн сумдын  Эрүүл мэндийн төвүүд автомашингүй, актлагдсан тул Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудад дахин улсын нөөцөөс хүн эмнэлгийн 20 автомашиныг олголоо.


Хотын дарга Э.Бат-Үүл “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Тодруулбал, амралтын өдрүүдээр буюу 2016 оны нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 06-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гарагт  автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, нэгдүгээр сарын 31-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.


Уншигч та бүхэн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна уу. Ихэнх нутгаар  шөнөдөө   хүйтэн   хонож,  өдөртөө  хүйтний эрч бага зэрэг суларна. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе. Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй