Шууд Chart

Өвөрхангай аймагт өвөлжилт хэвийн байна

2016-02-03 16:32:17

Өвөрхангай аймаг энэ жил 4 сая зургаан зуу мянга орчим мал тоолуулсан амжилтаар 2015 оны дүнгээр улсдаа тэргүүлж байна. Түүнчлэн малчид энэ өвөл малаа цас багатай, өвсний гарц сайтай бүсэд оторлуулснаар малын хорогдолгүй хавартай золгож байна. Тухайлбал, цас ихээр орсон, бэлчээрээ эрт идсэн Сант, Тарагт, Өлзийт, Бүрд сумын зарим малчид өнгөрөгч 12 дугаар сараас эхлэн Баянгол суманд отроор иржээ.

Отроор өвөлжиж байгаа бог мал болон үхэрт хамгийн тохиромжтой Баянгол сумын "Даганалтайн дэрс" нь Монгол Улсын хэмжээнд хамгийн том талбайтайд тооцогддог. Нэг отрын хот дунджаар хоёр мянган малтай. Тэд энэ бүсэд малаа төллүүлээд хавар буцаж ч магадгүй гэж байлаа.  Харин адууны цастай хойд хэсгийн отрын бүсэд Өлзийт сумын адуучид оторлож байгаа бол “Гучин-Ус” сумын заг түнгийн нутаг Монголын хоолойд тэмээчид ихээр очсон байна. Энэ мэтээр малын төрөл, цас ус, өвс ургамлаа тооцоолон малчид отор нүүдлээ хийж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цастай, хүйтэн өвөл болж байгаа ч өвөлжилт хэвийн, зуд турхан, малын хорогдолгүй байна. Ганц Нарийнтээл суманд өвөлжилт хүндэрч, мал хорогдох эрсдэлтэй байгааг Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн хэлж байлаа. Мөн өвлийг өнтэй давж, хаврын сар хаяанд ирээд байна гэж орон нутгийн удирдлагууд дүгнэж байлаа.

Баянгол сумын удирдлагууд отрын бүсээ зургаадугаар сар гэхэд хааж хамгаалдаг. Улмаар намар 10 дугаар сараас гэрээ хэлцлийн дагуу оторчдыг оруулдаг байна. Ингэж хэвшсэнээр бэлчээрийн маргаан ч гарахаа больжээ. Хавартаа цас багатай бүс нутгаар нэмж цас орно гэсэн мэдээллийг малчид авч буй юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өвөрхангай аймагт өвөлжилт хэвийн байна   
Үзсэн: 1696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-03 17:03
Нэг аймаг ч гэсэн аятайхан өвөлжинө гэдэг тун сайн Адууны цастай гэсэн нь юу хэлэх гээд буйг ойлгосонгүй.

Бидэнтэй нэгдээрэй