Шууд Chart

Редакторуудын дугуй ширээний уулзалт болно

2016-02-04 16:43:03

Ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд нийт есөн дагалдах хурал болно. Эдгээрийн нэг нь Редакторуудын дугуй ширээний уулзалт бөгөөд АСЕМ-ын гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн ахлах ажилтнууд цугларах энэхүү уулзалт нь долоодугаар сарын 9-10-нд Улаанбаатарт зохиогдохоор урьдчилсан тов тодроод байна.

ГХЯ-нд хоёрдугаар сарын 2-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар уг дугуй ширээний уулзалтын талаар хэлэлцэж, голлон зохион байгуулах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн санал мэдээлэлтэй танилцлаа.

Уулзалтад оролцох төлөөлөгчид, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, байрлуулах зочид буудал, уулзалт болох газар, үндсэн болон дагалдах арга хэмжээний хөтөлбөр зэрэгт ажлын хэсгийн гишүүд саналаа хэлж, ойрын хугацаанд эцэслэн батлахаар болов.

Дугуй ширээний уулзалтад гадаадын 20, дотоодын 30 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа бөгөөд хэрхэн зохион байгуулахаас улс орны нэр хүнд, нүүр царай гээд олон зүйл хамаарахыг ажлын хэсгийн дарга, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар сануулж, илүү санаачилгатай ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Мөн уг хурлаар АСЕМ-ын уулзалтын гадаад, дотоод сурталчилгаанд хамтран оролцохоор сонгогдсон хоёр компанийн ажлын чиг үүргийг хэлэлцэж, АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийж буй хэвлэл мэдээлэл, сурталчилгаатай хэрхэн уялдуулах талаар зөвлөлдлөө.

Нийтэлсэн: Web admin

Редакторуудын дугуй ширээний уулзалт болно  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй