Өнөөдөр битүүний өдөр. Монгол түмний төрт ёсны их баяр Цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурханы унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурханы гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.
Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлгэшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.
Битүүний орой алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнэ эвлүүлж тоглодог. Мөн дөрвөн бэрх буулгах, морь, тэмээ уралдуулж тоглох нь малын тоо толгойгоо өсгөх, таван хошуу малаа хайрлан хүндлэж байгаагийн нэг илрэл ажээ. Дөрвөн бэрх буухад “мал малын захтай” хэмээн бэлгэшээдэгтэй холбоотой ажээ.
Энэ үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Мөн шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой ажээ.
Битүүний өдөр цээрлэх зан үйл:
- Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчлэнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтоож буй хэрэг.
- Битүүний өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
- Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
- Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээнэ.
- Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
- Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай.
Битүүний орой хүжээ өргөөд унших тарни:
Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараa брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.
Битүүлэх ёсон | ||
Үзсэн: 2131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.