Шууд Chart

Ц.Сандаглхагва Улсын сайн малчин боллоо

2016-02-10 16:46:55

Төв аймгийн Баянцагаан сумын малчин Цэндсүрэнгийн Сандаглхагвын ажил хөдөлмөрийг төр үнэлж, улсын сайн малчнаар шалгарууллаа.

Эднийх өөрсдийнхөө хонин сүргээ ашиг шим өндөртэй  илүү нугаламт хэвшлийн хониноор  шинэчилж, зургаан аймгийн 10 суманд илүү нугаламт хурган хуц борлуулсан гээд тооноос илүү чанарт анхаарч ажилласан нь түүнийг улсын сайн малчнаар шалгарахад гол түлхэц болжээ. Улсын сайн малчнаар шалгарсан Ц.Сандаглхагвын хонин сүргийн 80 хувийг илүү нугаламт хэвшлийн хонь эзэлдэг. 

Төв аймгийн Баянцагаан сум илүү нугаламт хонины хэвшлээрээ улсдаа алдартай. Малынх нь тоо цөөхөн ч, бие томтой амьдын жин ихтэй Баянцагааны хонь хот дүүргэдэг. Энэ жил улсын сайн малчнаар шалгарсан Сандаглхагвынх гэхэд л 2000 гаруй толгой малтай. Үүнээс 1500 гаруй толгой нь хонь. Хонин сүргийн 80 хувь илүү нугламтай хонь юм байна.

Баянцагаан сумын Хүн-Овоот гэдэг газар өнтэй сайхан өвөлжиж байгаа Сандаглхагва уул нь аймгийнхаа Геологи уул уурхайн ангид ажиллаад 10 дахь жилтэйгээ золгож байхад нь улс оронд Ардчилсан хувьсгал гарч анги нь ч тарж бутарсан байна. Ингээд л 31 настай залуу хөдөө мал дээр гарч, зуугаадхан толгой малтай малчны гараагаа эхэлж байсан тэрбээр өнөөдөр 2000 давсан малтай, улсын сайн малчин болтлоо хөдөлмөрлөжээ. 

Тэрээр яриагаа миний малчин болсон түүх ардчиллын ойтой нас чацуу хэмээн хошигнож, шинжлэх ухааны ололтыг мал аж ахуйн салбарт нэвтрүүлж чадсан нь өнөөдөр эзэндээ Улсын сайн малчин гэсэн эрхэм алдрыг авч ирлээ гэж байлаа. 

Энэ жил засгийн газраас улсын сайн малчны цол тэмдэгийг гэрийн эзнээс гадна гэргийд нь бас хамтад нь өгч байхаар шийдвэрлэсэн. Сандаглхагвын эхнэр Баасансүрэн  шагналаа гардан авсны дараа "Манай хонины ууц Монгол улсын 
хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Бадар-Ууган, Монгол улсын алдарт уяач Даваахүүгийн найрын ширээнээ заларсан. Ийм л мал сүрэг өсгөн үржүүлж явдгаараа бахархдаг даа" хэмээн ажлаа тун товчхон дүгнэж билээ. Мөн Баянцагаан сумын удирдлага ч гэсэн бидний энэ жилийн зорилт Баянцагааны илүү нугаламт үүлдэр болгож, патент авахыг зорьж байгаа гэдгээ хэлж байлаа.  

Төв аймгийн Баянцагаан сум 1964 оноос илүү нугаламтай хонин сүргийг өсгөн үржүүлж, 67 онд улсын үржлийн ферм болон өргөжиж байсан. Энэ үеэс эхлээд л Баянцагааны илүү нугаламтай хонь ашигтай тустай гэдгийг мэдэж, зөвхөн төв аймгийнхан гэлгүй бусад аймгаас ч малчид хуц авч, мал махаа борлуулахаас гадна ашиг шим өндөртэй үүлдэр угсаагаа борлуулж, өрхийн орлогоо өсгөж байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ц.Сандаглхагва Улсын сайн малчин боллоо  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй