ДБНХ-ноос Туркийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй дэлхийн олон орны үндэсний уламжлалт бөхийн төрлүүд сэдэвт чуулган Станбул хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтаар бөхийн үндэсний уламжлалт төрлүүд бий болсон түүх, хөгжил, тэдгээрийн төсөөтэй талууд, бөхийн олон төрлүүдээр тэмцээн зохион явуулж байх эсэх асуудлыг хэлэлцжээ.
ДБНХ-ны Ерөнхийлөгч Н.Лалович тус чуулга уулзалтын ач холбогдлыг үнэлж “Бөхийн олон төрлүүдийг хэлэлцэхээр Станбулд цугларсандаа бид баяртай байна. Бөхийн хамтын нийгэмлэг өрсөлдөөн гэдгийг сайн мэднэ, бөхийн уламжлалт төрлүүд нь бөхийн спортыг тууштай сонирхогчдыг нэгтгэх талбар болно” гэжээ.
Чуулга уулзалтад таван тивийн 30 гаруй орны төлөөлөгч оролцож, уламжлалт бөхийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн ДБНХ-ны Бүстэй барилдаан, Панкратион, Грэпплинг бөхийн төрлүүдийн хороодоос үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийж, Бүстэй барилдааны хорооноос зөвлөмжийн агуулгатай дүрмийн танилцуулгыг хийсэн байна.
ДБНХ-ны Товчооны гишүүн, Бөхийн олон төрлүүдийн хорооны дарга, ХБНГУ-ын иргэн Карл-Мартин Диттман чуулга уулзалтыг хааж үг хэлэхдээ “Олон орны бөхийн үндэсний уламжлалт төрлүүдийг дэлхий даяар хөгжүүлэх олон боломж байна. Хоёр эсвэл дөрвөн жилд Дэлхийн бөхийн наадмыг зохион байгуулж тэмцээн, баяр, бусад арга хэмжээг зохион явуулж байх саналыг дэвшүүлж байна. Бид бөхийн олон төрлүүдийг хөгжүүлэхийн төлөө байна” гэж онцлон дурджээ.
"Дэлхийн улс орнуудын уламжлалт бөхийн төрлүүд" сэдэвт чуулга боллоо | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.