Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэгийнхэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр уг түүхэн үйл явдалд оролцогсдын дурсамж уулзалтыг зохион явууллаа.
Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга агсан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номонд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэрийн талаарх түүхэн баримтуудыг дурсан санаж, өөр өөрсдийн онцлог түүх дурсамжаа хуваалцсан юм.
Тус номыг бичсэн Д.Салдан агсан УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн аав бөгөөд тэрбээр уг уулзалтад оролцож аавынхаа бичсэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас” номын талаар танилцуулсан. Тэрбээр ““Туулж өнгөрүүлсэн түүхээ сайн мэдэх нь ирээдүйд замаа зөв олоход тусалдаг” гэсэн ишлэлээр аавын маань ном эхэлдэг. Энэ номонд олон нийт огт мэдэхгүй, эсвэл эндүү ташаа ойлголттой байсан бодит түүхийн нарийн ширийн зүйл маш их байдаг байна. Ялангуяа Монгол-Японы харилцааны түүхэн үйл явдалд оролцож байсан, оролцож буй хүмүүст төдийгүй уг түүхийг судлах ажилтай түүхч нар болон оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг бичиж үлдээгээд, дүгнэж цэгнэсэн нь сонирхолтой юм. Амаргүй нөхцөлд Японы засгийн газрын “Буцалтгүй тусламж” (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл гарцаагүй мөн ажээ” гэсэн юм.
С.Одонтуяа: Амаргүй нөхцөлд Японы Засгийн газраас буцалтгүй тусламж авах нөхцөлийг эхлүүлж байжээ | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.