Шууд Chart

Н.Энхбаяр: Орон нутагт эрдэс баялгийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэхийг гол зорилгоо болгож байна

2016-02-18 10:33:45

Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэг энэ мөчид Корпорэйт зочид буудалд эхэлж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлгийн талаар тодорхой мэдээлэл авахаар Уул уурхайн яамны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

-Энэ жилийн “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлгийн онцлог нь юу вэ. Хэлэлцүүлгээс гарах үр дүнг нь хэрхэн харж байна?

-Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэг гурав дахь жилдээ болж байна. Анх бид 2014 онд зохион байгуулж байсан. Энэ хэлэлцүүлгийн гол зорилго нь тухайн жилд хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааныхаа талаар салбарын гол оролцогч талуудтайгаа ярилцаж нэгдсэн шийдэлд хүрэхэд оршдог. Өмнөх жилүүдийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй байсан нь харагдсан. Өнгөрсөн 2014 он бол уул уурхайн салбарын бодлогоо шинэчилж чадсан маш үр дүнтэй жил болсон. Тухайлбал, УИХ-аас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Тэрхүү бодлогод суурилаад манай салбарын хамгийн гол гэж хэлж болох Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулгаар батлагдсан. Яг тэр урт хугацааны бодлогын баримт бичиг, түүнд суурилаад салбарын үйл ажиллагааг зохицуулдаг гол хуулиудаа боловсронгуй болгоход хамгийн анх зохион байгуулсан 2014 оны “Эрдэс баялаг-2025” хэлэлцүүлэг их чухал нөлөөтэй байсан.

Хэлэлцүүлгийг зохион байгуулахад анхнаасаа салбарын бодлого шийдвэр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ зөвхөн нэг талын зүгээс салбартаа тулгах биш оролцогч талуудын оролцоог тэгш байдлаар хангахад их анхаарсан. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, орон нутгийн захиргааны байгууллагууд, энгийн иргэд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд гээд бүхий л оролцогч талууд нэгдсэн байдлаар цуглараад асуудлаа тал бүрээс нь ярилцаад дундын шийдвэр гаргах нь их оновчтой зөв байдаг юм байна гэдгийг өмнөх жилүүдийн хэлэлцүүлгээс харсан.

-Энэ жил орон нутагт чиглэсэн хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан?

-Энэ жилийн хэлэлцүүлэг өөрийн гэсэн онцлог, зорилготой байгаа. Энэ бол салбарын үйл ажиллагааны хөгжлийн явцтай уялдаж байгаа юм. 2014 оны анхны хэлэлцүүлэг бол салбарын урт хугацааны бодлогыг боловсронгуй болгоход голлож анхаарч байсан. Харин 2015 онд хууль, бодлого батлагдсаны дараа яг бодитой үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна гэдэг асуудлыг ярьж байсан. Түүнчлэн нэгэнт батлагдсан эрх зүйн орчноо оролцогч талууддаа сурталчлан таниулах ажил голчилж байсан. Энэ жилийн хэлэлцүүлэг бол арай өвөрмөц онцлогтой. Тодруулбал, орон нутаг дахь эрдэс баялгийн салбарын хөгжлийг хэрхэн нэгдмэл байдлаар зохион байгуулах вэ гэдэгт илүү ач холбогдол өгч байгаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор манай улсад нэг шинэ боломж нээгдсэн нь 4-5 жилийн өмнө зогсонги байдалд ороод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох үйл ажиллагаа 2015 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн. Монгол орон бол өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй. Тийм учраас хаана ямар баялаг нөөц байгааг зайлшгүй тандаж судлах шаардлага байдаг. Энэ ирээдүйн хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн томоохон төслүүдийг эхлүүлэхийн суурь болсон геологи хайгуулын судалгааны ажил бол сая хэлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр эрчимжээд нэг жил болж байна. Энэ үйл ажиллагаа бол яах аргагүй орон нутагт өрнөдөг. Энэ ажил явагдаж эхэлснээс хойш анх төлөвлөж байсан зүйлтэйгээ таарч байгаа ч зүйл байна,  зөрөлдөж байгаа зүйл ч байна. Тиймээс орон нутагт өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч байсан тэр хүндрэл бэрхшээл нь юу байв, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд ямар гарц шийдэл байна гэдгийг оролцогч талуудтайгаа ярилцана.

-Хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлууд, түүнийг шийдэх арга замыг тодорхой болгохын тулд дараа нь нэгдсэн байдлаар бас шийдвэр гаргах байх?

-Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос энэ салбарын бодлого үйл ажиллагаатай холбоотой маш чухал санаанууд гардаг. Харин яамны зүгээс тэдгээр санал, шүүмжүүдийг  хүлээн авч төлөвлөгөөндөө тусгаж явдаг.

-Баярлалаа.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Энхбаяр: Орон нутагт эрдэс баялгийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлэхийг гол зорилгоо болгож байна   
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-18 11:31
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй