Хүлээлт үүсгээд байсан УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр нээлтээ хийж үдээс хойших хуралдаанаараа ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, түүнийг эргүүлэн татах асуудалд санал хураахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжсэнээр түүнийг огцрууллаа.
Уг асуудлыг намрын ээлжит чуулганы сүүлчээр хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн нэмэлт завсарлага авсан тул эцэслэн шийдвэрлэж амжаагүйгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Ингээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ирүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 14/214 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүний талаарх” албан бичигтэй танилцлаа. Түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагаас Монгол Улсын Их Хурлын даргад хандаж хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичиг нь холбогдох хуулийг зөрчсөн нь тогтоогдож байгааг дурджээ. Уг асуудлаар УИХ хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохих шийдвэр гаргахад Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-д илгээснийг танилцуулсан. Улсын дээд шүүхийн санал, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсний дараа байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татахыг дэмжсэн тул уг тогтоолыг батлагдсанд тооцохоор болсон. Уг тогтоол батлагдсанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татахаар болж байгаа юм.
ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцрууллаа | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.