Шууд Chart

Д.Лүндээжанцан: Бид цэцийн даргыг хамгаалаагүй, Үндсэн хуулиа хамгаалж байсан юм

2016-02-22 15:56:21

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татсан асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татчихлаа. Хуулиараа бол 30 хоногийн дотор УИХ-аар хэлэлцээд дараагийн даргыг нь сонгох ёстой. Гэтэл хаврын чуулганы хурал хуулиар заагдсан дээрх хугацаанаас хойш болох гээд байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?

-Үндсэн хуулийн цэц бол онцгой субьект юм. Хуулиараа бол ажлаасаа чөлөөлөгдсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн дараагийн хүн нь томилогдтол ажлаа хийнэ гэсэн тусгайлсан заалттай. Учир нь Үндсэн хуулийн цэц завсарлахгүй ажиллаж байх ёстой байгууллага юм. Улс орны Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй. Цэцийн 4-5 гишүүн ажлаасаа чөлөөлөгдөж болно. Тэгвэл заавал тэдний орны хүмүүсийг сонгосны дараа тэд ажлаа хүлээлгэж өгөх ёстой юм. Дараагийн хүн нь ажилдаа орж байж одоо ажиллаж буй хүн нь ажлаасаа гарах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбар хийгээд байсан. Тэр “Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эргүүлэн татаж болно” гэж ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ. Тэгэхээр энэ удаа Дээд шүүхийн ямар саналыг үндэслэсэн бэ. Мөн Дээд шүүх гишүүдийнхээ хурлаар нэрийг нь дэвшүүлж тодруулж, УИХ-аар томилуулж байсан. Яг тэр процессоороо явах ёстой. Ингээд цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа юм. Үндсэн хуулийн цэц, УИХ гэж яриад байгаа юм. Үндсэн хууль Монгол Улсын оршин тогтнохуйн тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөөний баталгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа нь Үндсэн хуулийн цэц. Засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль зөрчсөн шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол Улс оршин тогтноно.  Бид бол Үндсэн хуулийн цэцийн даргыг хүнийх нь хувьд хамгаалж, өмгөөлсөн зүйлгүй. Бид Үндсэн хуулиа хамгаалж байгаа юм. Үндсэн хуулиа хамгаалахын цаад утга нь Монгол Улсын язгуур эрх, ашгийг хамгаалж байна.

-Баярлалаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Лүндээжанцан: Бид цэцийн даргыг хамгаалаагүй, Үндсэн хуулиа хамгаалж байсан юм  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй