Шууд Chart

О.Баасанхүү: Засгийн газар асуудалд хэт хөнгөмсөг хандаж байгааг нотолно

2016-02-23 14:47:13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд урих талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр тэрбээр мэдээлэл хийж халз мэтгэлцээнд урих албан бичгээ Ерөнхий сайдад явуулсан гэдгээ хэллээ.

Тэрбээр Ерөнхий сайдад явуулсан албан бичигтээ “УИХ-ын гишүүн О.Баасанхүү миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ.

Гэвч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2415, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/62 тоот албан бичиг болон хуралдааны тэмдэглэлээр миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгджээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тодорхой тооны хуулиудыг санаачлан хуулийн дагуу Засгийн газраас санал авахад урьд өмнө нь ч, одоо ч үргэлж татгалзсан хариу ирүүлсээр байна. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц Улсын Их Хурлын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам, агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна.

Иймд олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор нөгөө талаасаа ард түмэнд бодит мэдээллийг өгч Засгийн газрын зүгээс санал өгөхдөө хэт хөнгөмсгөөр ханддагийг нотлох үүднээс таныг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байна” хэмээн бичжээ.

Харин уг албан бичгийн талаар одоогоор Ерөнхий сайдаас ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Бид энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “О.Баасанхүү гишүүний албан бичгийг хуулийн дагуу хүлээж авч шийдвэрлэнэ” гэсэн юм.

Нэмж мэдээлэхэд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу О.Баасанхүү гишүүний албан бичигт 30 хоногийн дотор хариу өгөх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү: Засгийн газар асуудалд хэт хөнгөмсөг хандаж байгааг нотолно  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй