Шууд Chart

“Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” хурлын зөвлөмж

2016-02-23 14:53:32

НҮБ-ын БСШУ-ны байгууллагын ивээл дор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдрийн хүрээнд Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбар, Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Самбуудорж удирдсан юм. Хурлын төгсгөлд хуралд оролцогчдоос дараах зөвлөмжийг гаргасныг та бүхэнд хүргэж байна.

“Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос гаргасан зөвлөмж

Монгол хэл нь монгол үндэстний бэлгэ тэмдэг, соёлын өв, оршихуйн баталгаа билээ. Энэхүү бэлгэ тэмдэг, соёлын өв, оршихуйн баталгааг хамгаалах, уламжлуулах, нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр үгийг буруу бичих, найруулах, харь үгээр чамирхах байдал хавтгайрах боллоо. Иймд тус хуралд оролцогчид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч Та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэх яриа ташаа ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан монгол хэлний зөв бичих дүрмийг баримтлан бичиж байх;

2. Монгол хэлнийхээ үгийн сангийн баялгаас цаг ямагт суралцаж, зөв яруу найруулгаар бичиж, ярьж байх;

3. Цахим сүлжээгээр мэдээлэл түгээж буй албан ёсны сайтууд бичгийн хэлний хэм хэмжээг дагаж баримталж байх;

4. Нэгэнт оноосон нэр томьёог даган баримталж, шинээр орж ирж буй харь хэлний үг, хэллэгийг аль болох эх хэлнийхээ үг, хэллэгээр зөв оноон нэрлэж, бичиж байх;

5. Сургалт, судалгаа шинжилгээ, эх хэлний боловсролд ашиглах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийн үг, хэллэгийн цахим сан үүсгэх;

6. “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн хэлтэй холбоотой заалтууд болон “Монгол хэлний тухай хууль” –ийг дагаж мөрдөж байх;

7. Аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай бичиж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд үргэлж түүчээ болж байх;

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” хурлын зөвлөмж  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй