Туулын бургасанд амьдарч байсан гэр бүлийн хоёр иргэнийг орон гэртэй болгох ажлыг "Итгэл сэтгэлийн гүүр" сангийн залуус зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тэр хоёр иргэнийг анх олж сайн дурын байгууллагатай холбосон хүн нь ЦЕГ-ын харьяа Хамгаалалтын гуравдугаар газрын ахлагч А.Ариунболд юм. Бид А.Ариунболдтой уулзаж энэ талаар тодрууллаа.
-Та хоёр иргэнийг Туулын бургасанд амьдарч байгааг нь анх хэзээ мэдсэн бэ. Яагаад тэр хүмүүст туслахаар шийдэв. Түймрийн улмаас гэр оронгүй болсон гэж бид дуулсан?
-Анх энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туулын бургас орчимд эргүүл хийж яваад тэр иргэдийг олсон. Бургасан дунд утаа гараад байхаар нь очиж үзтэл цаасан хайрцгаар хийсэн овоохойд хоёр иргэн амьдарч байсан. Ороод үзэхэд хичнээн ядуу ч гэсэн цэвэрхэн амьдарч байсан. Тэр хоёр иргэнтэй уулзаад ярихад, Говь-Алтай аймгийн харьяат, Улаанбаатар хотод орж ирээд гурван жил болсон гэсэн. Мөн эхнэр н.Бямбасүрэн нь аваарт ороод зүүн нүд нь харахаа больчихсон, мөн баруун хөл нь гэмтэлтэй юм билээ. Группээ ч тогтоолгож чадаагүй ажилгүй иргэд байсан.
Анх уулзах гээд ороход л надад цай аягалж өгөөд монгол хүний ёсоор хандсан. Ер нь их сайхан сэтгэлтэй, зөв хүмүүс байна гэж бодоод туслая гэж шийдсэн.
-Яг үүн шиг та нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад чинь тусламаар санагдсан, ядарсан хүмүүс хэр их тааралддаг вэ. Сэтгэл өвдмөөр тохиолдолтой хэр олон таарч байв?
-Тийм хүмүүс нэлээдгүй тааралддаг. Жишээ нь, гэр бүлийн асуудлаас болоод амиа хорлох гээд явж байсан хүнтэй таараад үйлдлийг нь болиулж байсан. Одоо бид нарт талархаад ирж уулздаг. Мөн нөхрөө алдсан эмэгтэй, ажилгүй болоод сэтгэл санааны нэлээд хүнд байдалд орчихоод гурван настай хүүхдээ төөрүүлж хаяна гээд голын бургасанд аваад явж байхад нь бид зогсоож байсан. Тэр эгч дараа нь бид нарт үнэхээр их баярласан гэдгээ хэлсэн. Хүүхэд нь одоо зургаан настай. Нийгмээ дагаад нэлээд ядарсан хүмүүстэй их таардаг. Тэр бүртээ л харьяалагдах байгууллагад нь хандаж, аль болох туслахыг хичээдэг.
-Туулын бургасанд амьдарч байсан хоёрт туслахын тулд өмнө нь өөр байгууллага, хүмүүст хандсан уу. Эсвэл анхны оролдлогоор л туслах хүмүүс олчихсон уу?
-Би хэд хэдэн байгууллагад хандаж утсаар ярьж, биеэр очиж уулзаж үзсэн ч тодорхой хариу өгөөгүй. Группыг нь тогтоолгох гэж хүртэл хөөцөлдсөн. Тэр хоёр иргэн бичиг баримтгүй, дээр нь Говь-Алтай аймгийнх. Шилжүүлгээ хийлгээгүй учраас нэлээд хугацаа шаардах ажил байсан. Тэгээд сүүлд нь фэйсбүүк хуудсанд тэр иргэдийн зургийг тавьсан. Эхэндээ хүмүүс хариу өгөөгүй л дээ. Харин дараа нь Ц.Сувд-Эрдэнэ гэж сайхан сэтгэлтэй бүсгүйтэй холбогдсон. Үүний ачаар Монголын ард иргэд маш их тусалсан. н.Бямбасүрэн, н.Энхбаяр хоёр өнөөдөр Амгаланд гэрээ барьж байгаа.
-Та өмнө нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан гэсэн?
-Өмнөд Судан улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжинд цагдаа, дотоодын цэргийг төлөөлж явж байсан.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Туулын бургасанд амьдарч байсан н.Бямбасүрэн, н Энхбаяр нар сайн санаат олон хүний ачаар өнөөдөр шинэ гэртээ орж байгаа. Тэдэнд нийслэл гэлтгүй орон нутгаас ч гэсэн маш олон хүн хоол унд болон хэрэгцээт зүйлсийг нь илгээсээр байгаа юм байна.
А.Ариунболд: Хүүхдээ төөрүүлж хаяна гээд явж байсан эмэгтэй дараа нь бидэнд баярласнаа хэлсэн | ||
Үзсэн: 2636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.