Шууд Chart

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5 аймгийн иргэдэд үйлчилж байна

2016-02-26 08:54:23

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Тус төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц “Энэ хуульд эмч нар анхаарлаа хандуулж байгаа. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд зуун хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Чадвартай эмч нар гадаадын хөрөнгө оруулалттай хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл өөрсдөө хувийн эмнэлэг байгуулаад гарчихдаг. Хичнээн мундаг эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Түүнчлэн тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан батлагдсан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж буй С.Одонтуяа гишүүн “Хэрэв Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталчих юм бол эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх нөхцөл бүрдэнэ. Энэ бол эмнэлгийн засаглалыг бие даалгах хууль. Тухайлбал, эмнэлгүүд өөрсдөө менежментээ хийж, стратегиа төлөвлөнө. Ингэснээр хэн гэдэг эмчид хэдэн төгрөгийн цалин өгөх вэ гэдгээс эхлээд бүх асуудлаа дотроо шийддэг болно. Сайн ажилладаг сувилагчид сард сая төгрөгийн цалин өгсөн ч болно шүү дээ. Энэ мэтээр эмнэлгээ, ажилтнуудаа үнэ цэнэтэй болгох юм бол тэр хэрээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшилнэ. Алийн болгон иргэд маань гадагшаа явах вэ, өчнөөн сая доллар гадагшаа сул урсч байна. Монгол хүн Монголдоо эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг байх ёстой” гэв.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 5 аймгийн иргэдэд үйлчилж байна  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй