Шууд Chart

МУГЖ С.Жавхлан: “Хар хархан харц” дуугаа маргааш анх удаа тайзан дээр дуулна

2013-09-27 13:50:37

Их эзэн Чингис хааны талбайд маргааш  “Хамаг Монгол” тоглолт эгшиглэнэ.  Нийслэлчүүдийг хүлээлтэд оруулаад байгаа уг тоглолтын талаар МУГЖ С.Жавхлантай уулзаж ярилцлаа.

- Хамаг Монгол” төслийн санаачлагчийн хувьд маргааш болох тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү?

- “Хамаг Монгол” төсөл хэрэгжээд нэлээдгүй олон ажил амжуулсан. Өнгөрсөн 3 сараас хэрэгжиж эхэлсэн “Хамаг Монгол” аялан тоглолт ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт 9 удаа тоглолт хийлээ. Төслийнхөө хүрээнд маргааш Чингис хааны талбайд  “Хамаг Монгол”  тоглолт болох гэж байна. Одоогоор тоглолтын бүрэлдэхүүн хэсэг бэлтгэлээ базаагаад, маргааш монгол түмэнтэйгээ уулзах ерөөлт мөчөө хүлээж байна даа.
 
- Тоглолтод оролцох багууд бүгд ирчихэв үү?
 
- Нэлээд хэд хоногийн өмнөөс тоглолтод оролцох уран бүтээлчид ирж эхэлсэн. Халимаг, Тува, Буриад ахан дүүсээс маань 8 хос бүжигчин ирсэн. За тэгээд дуучид, удирдах багийнхан гээд олон хүмүүс ирлээ.  Тоглолт Халимаг, Тува, Өвөрмонгол, Монгол, Буриад гэсэн таван улс үндэстний ёс дэгийг харуулсан үндсэн таван хэсгээс бүрдэнэ.
  
Тоглолтын гол онцлогийн талаар?
 
- Хамгийн гол нь монгол үндэстэн, ахан дүүс нэгэн дор хуран цуглаж, нэгэн үдшийг монгол соёл урлагийн гайхамшиг дор өнгөрүүлнэ. Тоглолтын үеэр уламжлалт тулганы гал бадраах ёслол болон улаан хивс, цагаан эсгий хослуулсан зочдоо хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Энэ бол монгол ахан дүүсээ зорин ирсэн зочдоо эртний сайхан аргаар хүндлэн угтаж байгаа хэрэг л дээ.
 
- Таны эхнэртэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц” дууг ард түмэн их сайхан хүлээж авлаа.  Цаашдаа эхнэртэйгээ хамтран уран бүтээл хийх үү?
 
- Бодсон олон зүйл бий. Цаашдаа уран бүтээл дээр хамтран ажиллана. Одоогоор энэ тоглолтоо л сайхан хийх талаар бодож байна. Сүүлийн хэдэн өдрийн турш манайх гэр бүлээрээ л энэ тоглолтод бэлтгээд, бужигнаж байна. Сонирхуулж хэлэхэд маргааш “Хар хархан харц”  анх удаа тайзан дээр дуулагдана.
 
-  Үзэгч түмэндээ хандаж юу хэлмээр байна?
 
- Маргааш “Хамаг Монгол” тоглолт Их эзэн Чингисийн талбай дээр 17 цагт эхэлнэ. Тоглолт яг цагтаа эхлэх тул монгол түмэн та бүхэн хүрэлцэн ирж, элэг нэгт ахан дүүстэйгээ уулзаарай. Энэ үдэш та бүхнийх байх болно шүү гэж хэлмээр байна.
 
-Баярлалаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

МУГЖ С.Жавхлан: “Хар хархан харц” дуугаа маргааш анх удаа тайзан дээр дуулна  
Үзсэн: 2711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2013-10-04 13:39
togloltiig ni vzej chadaagvi um bn . Ehnerteigee duulsan duug ni sonsoh durtai bolood bga

Бидэнтэй нэгдээрэй