Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна

2016-03-03 10:03:36

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж буй.  Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна.

Тэрбээр Хэнтий аймгийн зургаан суманд ажиллаж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн болоод хийсэн ажлууд болон Хэнтий аймагт хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, ард иргэдийн саналыг сонсож байгаа юм. Тэрбээр энэ сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар баг Бэрх тосгонд нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Бэрх тосгоны хувьд 1960-аад онд ашиглалтад орж байсан Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдсан томоохон тосгон юм. Бэрх тосгон нийт 2400 орчим хүн амтай бөгөөд бүртгэлтэй хүн амын тал орчим хувь нь тосгондоо оршин суудаг аж.


Уулзалтын үеэр иргэд Бэрх тосгоныг сумын статустай болгох боломж бий эсэхийг асуусан. Учир нь Бэрх тосгон бусад багуудыг бодвол харьцангуй олон хүн амтай бөгөөд хөгжлийн хувьд ч сумын хэмжээнд очих боломжтой гэж нутгийн иргэд үздэг аж. Энэ асуултад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Бэрх тосгоныг өнөөдөр шууд сум болгох боломж байхгүй. Бидэнд Бор-Өндөрийг сум болгосон туршлага бий. Ингэхдээ маш олон жил хөөцөлдсөн. Тосгоныг хот болгох асуудал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгддэг учраас албан хүсэлтээ гаргаж болно. Ингэхдээ иргэд өөрсдөө тогтвор суурьшилтай оршин сууж ажиллаж байж санаачилга гаргах ёстой" гэх тайлбарыг өглөө.

Бэрх тосгон

Үүнээс гадна иргэд малчны зээлийн хүүг бууруулсанд ихэд талархалтай хандаж буйгаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 153.1 мянган малчин өрх байгаагаас 120 мянган малчин өрх нь ХААН болон Төрийн банкинд 222.7 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа юм. Түүнчлэн эдгээр зээлтэй малчин өрхүүдийн  17 мянган гаруй нь зээлээ 18 хувьд шилжүүлжээ.

Мөн Бэрх тосгоны иргэдээс иргэн бүрт олгож байсан 1072 хувьцаа хүчинтэй байгаа эсэх болон тэрхүү хувьцааг ашиглаж болох талаар асууж байсан. Б.Гарамгайбаатар гишүүний тайлбарласнаар 1072 ширхэг хувьцаа иргэдийн нэрийн дансанд хэвээр байгаа бөгөөд Тавантолгой эргэлтэд орж хувьцаа иргэдэд ашигтай болсон үед хэрэглэх нь зүйтэй гэсэн юм.

Бэрх тосгон

Б.Гарамгайбаатар гишүүн Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэд болон нутгийн удирдлагын зүгээс гаргаж буй зарим санал, асуудлуудыг тэр дор нь шийдлээ. Тухайлбал,  Бэрх тосгонд албан ёсны зөвшөөрөлтэй мэргэшсэн нотариатчин байдаггүй. Тиймээс иргэд бичиг баримт нотариатдуулах үедээ ойролцоо сум руу явдаг аж. Харин Б.Гарамгайбаатар гишүүн  Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярьж, нотариатчийн асуудлыг тэр дор нь шийдсэнд иргэд ихээхэн талархаж байлаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 2410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй