Хэнтий аймгийн Батноров сум 5400 орчим хүн амтай бөгөөд сумын шилжилт хөдөлгөөн зогсож, өнгөрөгч жилүүдийнхээс хүн амын тоо нэмэгдэж байгаа аж. 2015 оны эцсийн байдлаар 332 мянган толгой мал тоолуулж өнгөрсөн оныхоос мөн өссөн үзүүлэлттэй байна. Тус сумын Засаг дарга Г.Тайванжаргалын хэлснээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын 60 гаруй хувийг хөдөө аж ахуй, малчид руу чиглүүлдэг байна. Тодруулбал, бэлчээр усжуулалтын асуудалд ихээхэн анхаарч бэлчээрийн бүсэд жилд хоёроос доошгүй худаг гаргадаг гэлээ.
Батноров сум 700 орчим малчин өрхтэй. Тэдний 80 орчим хувь нь банкнаас өндөр хүүтэй зээл авсан байжээ. Аймгийн төвөөсөө 100 гаруй км алс Батноров сумын иргэдийн гол амьжиргаа нь мал аж ахуй. Малчдын хувьд тогтмол орлого байдаггүй учраас банкинд малаа барьцаалж, зээл авдаг. Орон нутгаас хийсэн судалгаагаар банкнаас зээл авсан иргэдийн олонх нь 200-400 орчим малтай өрх байдаг. Тэд өндөр хүүтэй зээлийг банкинд эргүүлэн төлөх нь их хэмжээний дарамт болдог байжээ. Харин одоо банкны хүүг багасгасан учир тэдэнд их дэм болж байгаа гэлээ. Одоогоор Төрийн банк 18 хувийн хүүтэй малчны зээл олгож эхлээд байгаа бол ХААН банк хараахан олгож эхлээгүй байгаа юм байна. Иргэд цаашдаа малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах талаас нь анхаарах хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас хүссэн.
Түүнчлэн Батноров суманд барихаар яригдаж байсан дулааны цахилгаан станцын ажил яагаад зогссон талаар тодруулж байлаа. Б.Гарамгайбаатар гишүүн "Засгийн газраас Хэнтий аймагт жижиг оврын дулааны цахилгаан станц хоёрыг барих шийдвэр гарсны нэг нь Батноров суманд баригдана. Засгийн газраас дулааны цахилгаан станц барих талаар гарсан шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас болоод гацсан. Эдийн засгийн нөхцөл сайжрахаар энэ ажил үргэлжилнэ" гэсэн юм.
Малчид зээлийн хүүг бууруулсанд талархаж байна | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.