Шууд Chart

Хавдартай иргэд энэ сараас эхлэн галт тэргээр үнэгүй зорчино

2016-03-09 12:06:18

Манай улсад хавдартай иргэд галт тэргээр үнэгүй зорчих боломж бүрдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 4-ний өдөр Олон улсын хавдартай тэмцэх өдрийн хүрээнд УБТЗ болон "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

Харин уг журам хэрэгжиж эхэлсэн эсэх талаар бид УБТЗ-ын удирдлагуудаас тодруулахад “Журам хэрэгжиж эхлэхэд бэлэн байгаа ч хараахан хэрэгжиж эхлээгүй байна” гэсэн тайлбарыг өглөө. Учир нь "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-аас төмөр замын шугамын дагуу оршин суугаа хавдартай иргэдийн талаарх мэдээллийг УБТЗ-д албан ёсоор гаргаж өгөх юм байна. Үүний дараа хавдартай иргэд иргэний үнэмлэхтэйгээ очоод төмөр замд өгсөн нэрийн дагуу регистрийн дугаараа тулгаад үнэгүй зорчих билетээ авах боломжтой юм байна. Харин "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ уг журам хэрэгжих аймгуудаас хавдартай иргэдийн талаарх мэдээллийг цуглуулах ажлыг хийж байгаа бөгөөд энэ сарын 15 гэхэд иргэдийн нэрс бэлэн болно гэсэн юм.

Урьдчилсан тооцоогоор төмөр замын суурьшлын бүс дагуу нийт 800 орчим хавдартай иргэн амьдарч байгаа ажээ. Гэхдээ энэхүү журамд 0-18 насны хүүхэд болон 55-аас дээш насны ахмадууд хамрагдах юм. Мөн эхний ээлжинд төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт журам хэрэгжинэ.

УБТЗ-ын 16 мянга орчим ажилтан жилд нэг удаа Сэлэнгээс Замын-Үүд хүртэл галт тэргээр үнэгүй зорчих эрхтэй байдаг. Жилд төмөр замын ажилчдын 50 орчим хувь нь л уг үнэгүй зорчих эрхээ эдэлдэг аж. Өөрөөр хэлбэл, үлдсэн эрх нь хүчингүй болдог гэсэн үг. Тиймээс хавдартай иргэдийг төмөр замаар үнэгүй зорчуулахад ямар нэг төсвийн алдагдал үүсэхгүй гэдгийг УБТЗ-ын удирдлагууд хэлж байна.

Нэмж мэдээлэхэд, манай улсад жил бүр таван мянга гаруй хүн хорт хавдраар өвчилж, гурван мянга орчим нь нас бардаг гэсэн судалгаа байдаг аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хавдартай иргэд энэ сараас эхлэн галт тэргээр үнэгүй зорчино   
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй