Шууд Chart

Л.Даваапилийг удирдах албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэв

2016-03-14 15:42:06

Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна.

Авлигатай тэмцэх газраас 2015 оны долоодугаар сарын 21-ний өдөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн байхад УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар 2015 оны долоодугаар сарын 21-ний өдрийн Б-I-134 дүгээр тушаалаар Л.Даваапилийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл тул наймдугаар сарын 25-ны өдөр мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар дахин албан бичиг хүргүүлсэн боловч үл хэрэгссээр байна.

Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй Л.Даваапилийг нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг үүсгэж байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар хариуцлага тооцож, Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар 2016 оны гуравдугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн албан бичгийг Зам тээврийн сайд М.Зоригтод хүргүүллээ.


Л.Даваапилийг удирдах албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэв  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй