
Сүүлийн өдрүүдэд хүүхдийн номын агуулга болон сурах бичгийн агуулгын талаарх шүүмжлэл иргэдийн дунд ихээр гарах болсон. Тухайлбал, МҮҮН-ийн урсгалын нөлөөгөөр боловсролын салбар, тэр дундаа сурах бичгийн агуулгад өөрчлөлт орж байна хэмээн үзэх иргэд ч байгаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулдаг багш, судлаачид хэвлэлийн хурал хийлээ. Тэд энэ үеэр “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт ямар нэг байдлаар шашны үзэл суртал ороогүй, орох боломж байхгүй” гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн одоо хэрэгжиж буй сургалтын бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой хэмээсэн.
Сурах бичгийн агуулгын талаар БСШУ-наас одоо хэрэглэгдэж байгаа ямар ч сурах бичигт сошиалаар тарсан шиг ёс бус болон шашны агуулга байхгүй хэмээн баталж байгаа бөгөөд хяналтгүйгээр номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй номонд яам хариуцлага хүлээхгүй хэмээн мэдэгдсэн.
Харин энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулахад “Аль 2014 онд сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхдэд зориулсан ном, зурагт хуудасны агуулга хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн хувьд тохиромжгүй байна гэсэн гомдол ирсэн учир Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тухайн үед Улаанбаатар хотод байрлах номын худалдааны дэлгүүрүүд болох “Мажестик”, “Интерном”, “Мирном”, “Аз орчлон” дэлгүүрүүдийн нийт 253 ширхэг Монголын хүүхдийн зохиолчдын номыг нягтлан үзэж, бага насны хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх магадлалтай, зөрчилтэй байж болзошгүй 32 ширхэг номыг түр хураан дүн шинжилгээ хийж байжээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан гаргаж буй номуудад хэвлэгдэн гарахаас өмнө хяналт хийж, зөвшөөрөл олгодог эсэх талаар тодруулга авч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн номуудын доторх утга агуулга, зураг дүрсэнд хяналт тавьсны үндсэн дээр захиалагчийн захиалгыг гүйцэтгэдэг эсэх талаар "Содпресс" ХХК, "Ном Хур" ХХК, "Мөнхийн үсэг" ХХК хэвлэлийн үйлдвэрүүдээс мэдээлэл авсан байна.
Хүүхдийн номын агуулгад хоёр жилийн өмнө шалгалт хийжээ | ||
Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.