Шууд Chart

Нийслэлд түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ

2016-03-21 11:09:22

Түрээсийн орон сууцны нийслэл дэх бүртгэл өнөөдөр эхэллээ. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд амьдрах иргэдийг дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал ТОСК-д бүртгэх юм. 

“Буянт-Ухаа 2" хороололд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харьяалах ангилалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулна.

Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусч нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлах юм.

Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх хуваарь

Өнгөрөгч оны 12 дугаар сараас Засгийн газраас баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймгаас эхэлсэн юм. Түүнчлэн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд дараах аймагт түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-нд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулна.

  • Увс аймгийн Улаангом,
  • Ховд аймгийн Жаргалант,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган,
  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр 

Нэмж мэдээлэхэд, журмын дагуу түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж тус бүрт нь 5-30 хувийн квот олгохоор болсон. Үүнд, өндөр настанд 15 хувь, залуу гэр бүлд 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлд түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй