![](/uploads/201310/news/thumb/3423bd00acfa92033d4417636b516974_x3.jpg)
Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед хүн өвдөх эрхгүй болсон мэт. Эмч нарын буруутай үйлдлээс болж хичнээн хүний алтан амь тэнгэрт одохыг цаашид таамаглахад ч бэрх болоод байна.
Өнгөрсөн сарын 4-нд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч дөнгөж төрсөн нярайд эмнэлгийн багажийг буруу хэрэглэснээс хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хорвоод мэндэлж буй нэгэн шинэ иргэнээ согтуугаар өлгийдөн авч, хүндээр гэмтээсэн эмчийн зангараггүй үйлдэл, эцэг эхийн гомдлын мөр тасраагүй байхад дахин нэг охины амь эмнэлгийн ажилчдын буруугаас, эмнэлгийн орон дээр үрэгдсэн харамсмаар хэрэг гарчээ.
Охиноо алдсан эх Эрүүл мэндийн сайд Н.Удвалд захидал бичжээ. Захидлаас харвал энд ганцхан эмчийн үүрэгт ажлын хариуцлага яригдаад зогсохгүй монгол хүний хүнлэг сэтгэл хаашаа одоо вэ гэмээр эмзэглэл төрнө. Эх хүн “эмч дуудаад өгөөч” гээд уйлж байхад сувилагчид нойроо харамлан унтаад байсан гэх. Тэнд жаахан охин амьдрал үхэл хоёрын дунд тэмцэлдэж байхад, хүний алтан амины төлөө тангараг өргөсөн “эх хүн-сувилагч” нойр авч байсан гээд бодохоор...
Эрүүл мэндийн салбарыг “эмэгтэй хүн-эх хүн” ахалж байгаа үед ийм хэргүүд шил дараалан гарсаар байна. Цаашид албан тушаалын бялуу хуваах томилгоогоор хэн очиж, хичнээн хүний амь нас хөндий хүйтэн, сэтгэлгүй эмнэлгийн ажилчдын буруугаас болж үрэгдэх бол...
Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ёстой ариун салбар эргээд нийгэмд айдас дагуулсан хэвээр өдөр хоногийг үдсээр байна. Эрүүл мэндийн сайдад хандсан эхийн захидлыг бүрэн эхээр нь ямар нэг засваргүйгээр нийтэллээ.
Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал танаа:
2013 оны 9-р сарын 26-ний өдрийн 17-н цагт СБДүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харьяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогийн оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон.Хүлээн авах тасгийн эмч болох Б.Соёл-Ундрах эмч хүлээн авч тус эмнэлэгийн тасагт хэвтүүлсэн.Улмаар хүүхэд маань шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл гэдэс нь хүчтэй базалж өвдөж эхэлсэн. Энэ хугацаанд ээж би 30 минут тутамд тухайн ээлжинд гарч байсан сувилагчид болох Л.Оюунгэрэл, , Н.Сувд-эрдэнэ-д өөрийн биеэр очиж хүүхдийн биеийн байдал дордоод жижүүр эмчийг дуудаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч дуудаж өгөөгүй болохгүй бол би өөрөө дуудъя гэхэд чи дуудахгүй эмчийг сувилагч дуудаг гэж хэлсэн. Охин маань байж ядаад амь нь тэмцсэн байдалтай орноос зуурч ээжийгээ /намайг/ цааш нь түлхэж байсан
Аргаа ядсан ээж болох П.Ариунаа би сувилагч нарт очин охинд минь ядаж өвчин намдаах тариач болтугай хийж өгөөч гэж гуйсан боловч өглөөний 8 цаг 20 минут гэхэд ээлж солигдох хүртэл ямар ч тариа хийхгүй тэсэхээс өөр арга байхгүй гэж хэлээд буруу харан нойроо харамлан унтаад байсан. Хэвтсэн хугацаанд маш их хэмжээний шингэн алдаж дошоо суулгаж долоон ширхэг памперс хэрэглэсэн. Аргаа барсан эцэг, эх, ах дүү бид Улсын ганц хүүхдийн эмнэлэг болох Эх нялхасын төврүү авч явах саналыг хоёр удаа тавьсан боловч биднийг үл тоосон. Сүүлдээ охин минь өглөөний 7 цагийн үед өвчин нь улам хүндэрч, байж суухын аргаүй болоход ээж би уйлаад 2 сувилагчруу дахин очиж хэлэхэд миний нулимсыг харсандаа ч тэрүү сая нэг юм жижүүр болох Г.Оюунчимэг эмчийг дуудаж охиныг минь үзээд хүндэрчихсэн байна шдээ эртхэн хэлэхгүй гээд толгой сэгсэрч яаралтай сэхээн амидруулах тасаг руу шилжүүл гэж хэлсэн.
Шөнөжингөө их хэмжээний шингэн алдсаны улмаас судас нь хагараад шинжилгээ хийж чадаагүй. Анх охиныг минь хүлээн авч хэвтүүлэхдээ хүнд оноштой хүлээн авчихаад жижүүрийн эмч, сувилагчид хүнд гэж хүлээлгэн өгөөгүй, улмаар ээжид нь хүнд байна гэж хэлээгүй,эмнэлэгт ирсэн шөнөдөө үзэж хянаагүй, эмчилгээ хийгээгүй байснаас болж 2013 оны 9-р сарын 27-ны өдөр эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүйн улмаас миний охин эмнэлэгт хэвтээд 30 цаг гаруй болоод нас барсан. Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь миний нүдэнд одоо ч харагдаж сэтгэл минь өмөрч гол минь гонсойж сууна. Тэгш хүртээмжтэй үйлчилээгүй, эмнэлгийн ажилтны ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй, хүйтэн хөндий цэвдэг шиг сэтгэлээр хандсанаас болж миний охин хорвоог орхисон гэж бодож байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ САЙДЫН 135-Р ТУШААЛ ЗӨРЧИГДӨН/
Хариуцлага алдсан :
Эмч Б.Соёл-Ундрах
Г. Оюунчимэг
Сувилагч Л.Оюун-гэрэл
Н.Сувд-Эрдэнэ нарт хариуцлага тооцно уу!!!
Энэ 3 настай охин таны хүүхэд, ач зээ гээд та ганцхан удаа бодоод үзээч ээ!!!
![](/uploads/assets/image/1384005_448220008625275_2076556421_n.jpg)
Эрүүл мэндийн салбарын доройтол бяцхан охины амийг хохироолоо | ||
Үзсэн: 6384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.