Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх эрх зүйн орчныг баталгаажуулна

2016-03-28 09:41:31
Error loading player: No playable sources found

Маргааш хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар "Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц"-д нэгдэн орох тухай хэлэлцэнэ. Уг асуудлыг хэлэлцэхтэй зэрэгцээд Монгол Улсад цөмийн хаягдал булах гэж байна гэх хардлага гарч байгаа. Харин УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй гэдэгт хатуу байр суурьтай байгаа ажээ.

Уг конвенцид нэгдэн орсноор дараа дараагийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нар бас адил байр суурьтай байх үүргийг олон улсын өмнө хүлээх аж. Дэлхийн 71 улс нэгдэн орсон энэ конвенцийн гол агуулга нь улс бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцна гэдэг зарчим юм. Одоогоор манай улсын эмнэлэг, их сургууль, зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг бид хүлээх ажээ.

Тодруулбал, ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1997 оны есдүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2001 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон агаад одоогоор 69 улс нэгдэн оржээ.

Уг конвенцид нэгдэж орсон улс орнууд конвенцийн дагуу “Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрөх” юм. Иймээс манай улс уг конвенцид нэгдэн орсноор цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

Түүнчлэн ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх үүргийг конвенцид нэгдсэн улс орнууд хүлээдэг аж.

Энэ сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах хүсэлт тавьсан байна. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол уг конвенцийн нэмэлт хүчин төгөлдөр болох юм байна. Иймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарч ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар оруулж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх эрх зүйн орчныг баталгаажуулна  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй