
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Б.Төмөрбаатартай цаг үеийн зарим асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Хан-Уул дүүгийн Бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс нэгдсэн. Танай хэлтсийн шинэ бүтцийн талаар яриагаар эхлэе?
-Манай Бүртгэлийн хэлтэс болон Статистикийн хэлтэс гэсэн хоёр өөр бүтэц орон тоогоор үйл ажиллагаагаа явуулдаг байсан. “Засгийн газрын 2015 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион багуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг А/304 тоот тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэл батлах тухай Б/45 тоот тушаалаар Бүтэц орон тоог өөрчлөн нэгтгэж Дүүргийн “Улсын бүртгэл Статистикиийн хэлтэс” болж зохион байгуулагдан, хэлтсийн даргаар Б.Төмөрбаатар миний бие томилогдон ажиллаж эхлээд байна. Тус хэлтэс нь үйл ажиллагааныхаа чиглэлээр Бүртгэлийн тасаг, Статистикийн тасаг гэсэн 2 үндсэн тасагтай болж өргөжсөн.
-Үйл ажиллагааныхаа чиг үүргийг дэлгэрүүлж тайлбарлаач?
-Бүртгэлийн тасаг нь иргэний, эд хөрөнгийн бүртгэл-архив гэсэн чиглэлээр ажилладаг. Иргэний бүртгэл нь төрөлт, үрчлэлт, овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөлт, эцэг тогтоолт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, иргэний бичиг баримтанд засвар өөрчлөлт хийх, иргэний давхцахгүй өгөгдөл буюу шинэчилсэн бүртгэл, иргэний үнэмлэхний дахин олголт, хугацаа сунгах, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл, мөн иргэний бүртгэлийн лавлагаа мэдээллийн чиглэлээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувьд анхны бүртгэл, газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх, эрх шилжүүлэх, лавлагаа, бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газраас бусад өмч эзэмших эрхийн бүртгэлийг хийдэг.
Статистикийн тасаг нь Дүүргийн нийгэм-эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн судалгаа хийх, хүн ам, өрхийн судалгаанууд болон Статистикийн бүхий мэдээ мэдээллээр хангах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж ажилладаг. 2015 онд бүртгэлийн хэлтэс иргэний бүртгэлээр 45 мянга гаруй бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр 37 мянга гаруй бүртгэл хийж давхардсан тоогоор 82 мянга гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байгаа.
-Хан-Уул дүүргийн хороодод ямар, ямар бүртгэл хийгдэж байгаа вэ?
-2014 оноос иргэдэд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын санаачлагаар дүүрэг дээр хөтлөгдөж байгаа зарим төрлийн бүртгэлийг хороодод бүртгэхээр болсон. Энэ ажил маань ажил Хан-Уул дүүргээс эхэлсэн. Хан-Уул дүүргийн 16 хорооноос 12 хороо сүлжээнд холбогдож 5 төрлийн бүртгэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр хороодод 2016 оны хоёрдугаар сараас эхлэн төрөлтийн бүртгэлийг хийж эхэлсэн.
Харин 2016 оны гуравдугаар сараас эхлэн 12, 13, 14 дүгээр хороодод сүлжээ оруулж алслагдсан хороодын иргэдэд Төрсний гэрчилгээ, Иргэний цахим үнэмлэхний олголт, Гэрлэлт, Гэрлэлт цуцлалт, Шилжилт хөдөлгөөн, Гэрлэлтийн баталгаа, нас барсаны, гэрлэлт цуцлалтын гэрчилгээний дахин олголт гэсэн бүртгэлийг хорооны улсын бүртгэгч бүртгэдэг боллоо. Цаашид бүртгэлийн төрөл тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Дээрх алслагдсан 3 хороог онлайн сүлжээнд холбосоноор манай дүүргийн хэмжээнд 16 хорооноос 15 хороо онлайн сүлжээнд холбогдолоо. Нэг хороогоо энэ ондоо сүлжээтэй болгохоор бэлтгэл ханган ажиллаж байна.
-2015 онд Хүн ам орон сууцны завсрын тооллого гэж том ажил хийгдсэн энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?
-2015 оны Хүн ам орон сууцны завсрын тооллогыг дүүргийн нутаг дэвсгэрт явуулах тооллогын товчооны бүрэлдэхүүн тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тооллогын бэлтгэл ажлыг хороодод хангаж, амжилттай явуулсан. Хүн ам орон сууцны завсрын тооллогод 16 хороонд 30 гэрээт ажилтан хорооны нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх бүрээр биечлэн орж, хүн ам орон сууцны мэдээллийг шинэчлэх “Хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрэн бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Энэхүү тооллого нь улс орон даяар 2015 оны 12 дугаар сарын 31-нд дуусч, одоогиийн байдлаар дүүргийн УБСХ-ийн ажилтнууд тооллогын мэдээллийг боловсруулах, төрийн байгууллагын сангуудтай тулгах, тодруулга хийх, алдааг засах, зэрэг ажлуудыг хийж байна . Тооллогын дүнг Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газраас олон нийтэд албан ёсоор мэдээллэх болноо.
-ТОСК-иас хэрэгжүүлж байгаа хөлсний байранд хамрагдах иргэдэд танайхаас лавлагаа өгч байна уу?
-Тиймээ, 8 болон 5 хувийн орон сууцны зээл, төрийн орон сууц корпорацийн Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллыг түрээслэхтэй холбогдсон иргэдийн бүртгэл ихсэж байгаа. Зарим өдөр 250 гаруй иргэд эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авч байна. Мөн Буянт-Ухаа 2, Шинэ яармаг, Шинэ өргөө, Хүннү зэрэг хорооллууд ашиглалтанд орно. Энэ хирээрээ шинэ хорооллууд бий болж байгаатай холбоотой хүн ам өсч байгаа учраас иргэний бүртгэл тэр дундаа төрөлт, шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл ихэсч байгаа нь харагддаг.
-Танай Улсын бүртгэл статистикийн хэлтсээс 2016 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа дурдвал?
-2016 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явуулна. Энэхүү тооллогод 2016 оны дөрөвдүгээр сарын 01-нээс өмнө үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Үүнээс гадна 2016 онд Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Улсын бүртгэл Статистикийн Ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах үйл ажиллагааны хүрээнд тус хэлтсээс эхний байдлаар хэсэг оноолтоо хийсний үндсэн дээр burtgel.mn сайтан дээр байрлуулсан.
Цаашид сонгогчид сонгох эрхээ хэрэгжүүлэх үүднэс сайтаас нэрээ тулгаж, хаягийн өөрчлөлт буюу шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл хийгдсэн иргэдийн бүртгэлийг оршин суугаа хаягаар нь тулгалт хийж, хэсэг оноох ажлууд үргэлжлэнэ. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл түр хугацаагаар зогсох учраас бүртгүүлэх гэсэн иргэдийн ачаалал огцом нэмэгддэг. Ийм учраас иргэддээ хандаж хэлэхэд одооноос шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээрэй.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Төмөрбаатар: Түрээсийн орон сууцтай холбоотойгоор өдөрт 250 гаруй иргэн лавлагаа авч байна | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.