![](/uploads/201603/news/thumb/831f0aed171f1f63165412c50146b51a_x3.jpg)
Дэлхийн Банк Йордан улсад 100 сая америк долларын хүүгүй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хамт Йордан улсад айлчлах үеэрээ Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ким Жим Ён энэ тухай зарласан байна. Дэлхийн банкны олгох хөрөнгөөр ирэх 5 жилийн дотор Йорданы иргэд болон тус улсад орогнож байгаа Сирийн дүрвэгчдэд 100 мянган ажлын байр шинээр бий болгохыг зорьж байгаа юм.
Таван жил гаруй үргэлжилж байгаа Сирийн хямралаас үүдэн түүний хөрш Йордан улсад нүүрлээд байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад тусламж үзүүлэх зорилгоор Дэлхийн банк Йорданд хүүгүй зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Йорданы Засгийн газар, хандивлагч орнууд болон хөгжлийн агентлагууд хамтран зээлийн хөрөнгийг Йордан улс дахь эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх, улмаар эдгээр бүсэд олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдүүлэхэд мөн зарцуулах юм байна. Харин ажлын байр шинээр бий болгох тухай нарийвчилсан төлөвлөгөөг ирэх саруудад багтаан гаргахаар болжээ.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ким Жим Ёны мэдэгдсэнээр энэ удаагийн хүүгүй зээлийг дэлхийн хамгийн ядуу буурай орнуудад зориулсан тусламжийн сангийн хөрөнгөөс олгож буй юм байна. Заасан ёсоор 40 жилийн хугацаандаа багтаан бүрэн төлж дуусгавал Йордан ямар ч нэмэгдэл хүү төлөх үүрэг хүлээхгүй юм.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч дүрвэгчдэд туслахын тулд Йордан чадах бүхнээ хийж байгааг магтан сайшаагаад, одоо тус оронд олон улс хамтран туслах цаг ирсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Иймээс Дэлхийн банк хамгийн ядуу буурай орнуудад зориулсан сангаасаа анх удаа дундаж орлоготой Йордан оронд хөрөнгө зээлдүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг тэрбээр мөн онцолжээ.
Йордан улс Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын хүүгүй зээл авна | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.