![](/uploads/201310/news/thumb/302d71a2f3fd8b70f4e429ae0a92aa07_x3.jpg)
Эрт дээр цагаас хацар гоо охидынхоо гоо үзэсгэлэн, ур ухаанаар гоёж ирсэн монголчууд одоо цагт “Дэлхийн мисс” тэмцээнд бахдам амжилт үзүүлж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
Магадгүй, энэ асуулт цөөнгүй хүний толгойд нэг биш удаа буусан байж болох талтай. Учир нь жижигхэн монголын минь тэнгэрлэг гоо охин дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрх авлаа. Лавтайяа нэгийг дуулгана хэмээн омогшиж, бардамнаж хүлээсэн нь өнөөдөр монгол араншин л байж дээ гэх бодолтой үлдээв.
Саяхан гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-2013 тэмцээн боллоо. Индонези улсын Бали арал дээр болсон 63 дахь удаагийн энэ тэмцээн нутгийн оршин суугчдын эсэргүүцэл дор бараг хаагдмал шинжтэй болсон ч манай гарагийн гоо бүсгүй тодорч, Филиппин улсын мисс Меган Ян титмийн эзэн болсон.
Харин энэ тэмцээнд манай улсаас 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэр 2011 онд болсон “Miss tourism international”-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна “Авьяаслаг мисс” болж байсан бүсгүй. Тэмцээнд явахынхаа өмнөхөн фэйсбүүк хуудсаар Маск продакшнын жүжигчин М.Баярмагнай хэл сурч буй хошин шогтой дүйхээр бичлэг нь цацагдаж байсан монгол бүсгүй маань дэлхийн уралдаанд сайн давхиж чадсангүй.
Өнгөрсөн жил Ордос хотод зохион байгуулагдсан 62 дахь удаагийн наадамд найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Х.Баярмаа оролцож, онцын гавьяагүй эх орондоо ирсэн. Харин 2010 онд урд хөршид болсон “Дэлхийн мисс”-т манай үндэсний оролцогч Ц.Сарнай бахдам амжилт үзүүлж, шилдэг 25-д багтаж байсан түүхээс дээш манай улсын оролцогчдын гаргах амжилт хазаарлагдаж таарамгүй юм.
Сайхан мөрөөдлөөр бол монгол бүсгүйчүүд дэлхийн миссийн тавцанд шилдгийн шилдгээр тодорч, титэм гардаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ үүнийг дэврүүн оргилуун монгол зангаар бус бодитоор харах, дүгнэх цаг хэдийнэ иржээ. “Дэлхийн мисс”-т оролцох бүсгүйчүүдийнхээ гадаад үзэмж, өнгөний сайхан, хэний хэн гэгчид нь гол анхаарлаа хандуулаад байгаа мэт санагдана. Улмаар оюунлаг, хүмүүнлэг байх иргэний боловсролыг орхигдуулж, энэ нь амжилт гаргаж чадахгүйн шалтгаан болоод байгаа гэлтэй.
Дээрээс нь монголын имиж бүрдүүлэгчид хаана хэнд үйлчилж, ямар амжилт гаргадаг болоод дэлхийн миссийн тэмцээнд оролцогчид ахиц, дэвшил, өнгө төрхийг илэрхийлж чадахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Хатуухан хэлэхэд тэмцээнд явахын өмнөх хэдэн өдөр англиар өөрийгөө танилцуулж сурах дадлага хийгээд, монгол үндэсний хувцас, дуу бүжгээр нүүрээ тахлах маягаар “Дэлхийн мисс”-т оролцох болсон монгол миссүүдэд цензуртэй хандах цаг болсон мэт.
Энэ жилийн “Дэлхийн мисс” титмийг хүртсэн Филиппин улсын гоо бүсгүй Меган Ян “63 дахь удаагийн дэлхийн мисс бол би” хэмээн бардам хэлж чадсан. Мөн ярилцлагадаа “Би 10 наснаасаа эхлээд загвар өмсч, 100 гаруй сэтгүүлд зургаа авахуулж байсан” хэмээсэн байх юм.
Гэтэл манай улсаас эх орноо төлөөлөн оролцож байгаа бүсгүйчүүдэд энэ зэргийн туршлага, ядаж л энгийн нэгэн гэр бүлээс хичээнгүйлэн суралцсаар амжилтад хүрсэн гэх тодотгол бий билүү? Жилийн жилд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргана хэмээн “дүүлдэг” охидоо хөгжүүлж, боловсруулах талаар бодитой анхаарах цаг нь болсон мэт санагдана.
Дэлхийн миссийн дэвжээ монгол охидод хатуудаад байна уу? | ||
Үзсэн: 12795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.