Увс аймгийн Байгаль орчны газраас 2014 онд аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нурууг хамруулан аргалийн тооллого хийж, нийт 1541 аргаль байгааг тогтоож байжээ. Аргалийн тооллоготой холбогдуулан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Ганболдтой утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрөгч 2014 оны аргаль тооллогын тухай бичлэгийг танай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан ёсны фэйбүүк хуудсанд нийтэлсэн байсан. Ер нь хэдий хугацааны давтамжтай аргалийг тоолдог юм бэ?
-Цус сэлбэх агнуурыг БОНХАЖЯ-наас таван жилд нэг удаа төлөвлөн зохион байгуулдаг. Үүнийг далимдуулан улсын хэмжээнд аргалийн тооллого явагддаг. Харин манай аймгийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан жил бүр нөөцийн үнэлгээний тооллогыг хийж ирсэн.
-2014 оны судалгаанаас харж байхад хонь, угалз, хурга зэргээр тоог бичсэн байсан. Гэхдээ тодорхойгүй гэх 120 орчим аргаль бас байсан...?
-Зэрлэг амьтан учраас ойроос мал тоолж байгаа юм шиг тоолох боломж байдаггүй. Тиймээс мэргэжлийн байгууллагын судлаачид болоод байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдтэй хамтран алсаас тоолдог. Тодорхойгүй гэдэг нь хонь уу, угалз уу гэдэг нь сайн мэдэгдэхгүй байгаа аргалиудыг л нэрлэж байгаа юм. Ойроос харах боломжгүй учраас тэр л дээ.
-Танай аймгийн хувьд жил бүр аргалиа тоолдог гэж байна. Өнгөрсөн жил хэдэн аргальтай болсон байв. Энэ жил хэзээ тоолох вэ?
-2014 онд 1541, 2015 онд 1941 болсон байсан. Энэ жилийн хувьд 7-8 дугаар сард тоолохоор төлөвлөж байна.
-Цус сэлбэх агнуурын талаар тодруулбал... Хэн агнах вэ?
-Таван жилд нэг удаа энэхүү агнуурыг БОНХАЖЯ-наас зохион байгуулдаг. Ихэнхдээ гадаадын иргэд ирж агнадаг. Бидний хувьд эхлээд яаманд тэдэн аргаль агнуулах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж, түүнийг нь яамнаас баталдаг. Нэг агнуураар 4-6 аргалийг агнадаг. Энэ жилийн хувьд манай аймаг хоёр угалз агнуулахаар болсон.
-Агнах угалзыг яаж сонгодог юм бэ. Хөгшин, залуу, өвчтэй, ядруу зэргээр нь ялгадаг байх?
-Хамгийн том биетэй. Нөхөн үржихүйн үржлийн үе нь гүйцсэн хөгшин угалзыг нь сонгож агнуулдаг.
-Гадаадын анчид агнадаг гэхээр монголчуудад агнах эрх байдаггүй хэрэг үү. Гадны анчид агнасан аргалиа авч явдаг гэж ойлгож болох уу?
-Энэ агнуурыг спорт олдворын агнуур гэж нэрлэх нь ч бий. Нэг аргалийг 18 мянган америк доллар төлж байж агнадаг. Тиймээс манай дотоодын анчид тэр бүр оролцож чаддаггүй. Тиймээс гадаадын анчид тусгай зориулалтаар ашиглах зорилгоор ирж агнадаг юм. Мэдээж агнасан учраас музейд чихмэл хийх, эвэр турууг нь ашиглах зэрэг тодорхой шалтгаануудаар авч явдаг.
-Аргалийн агнуураар орж ирсэн мөнгө яаманд үлдэх үү, орон нутагт үлдэх үү?
-Орон нутгийн төсөвт орж, түүний тодорхой хувийг байгаль хамгаалах, мэргэжлийн байгууллагын менежментийг сайжруулах зорилгоор зарцуулдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Ганболд: Нэг угалзыг 18 мянган ам.доллараар агнуулдаг | ||
Үзсэн: 1904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.