Шууд Chart

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

2016-04-06 15:01:28

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг нарын гишүүд өнгөрөгч гуравдугаар сард Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, тогтоолын төсөл санаачлагч Л.Эрдэнэчимэг хийсэн юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 320 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Говь Гурвсансайханы Байгалийн Цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байна. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тост, Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлэнэ. Судалгааны үр дүнд тус хамгаалалттай газрын кв км бүр нь тухайн амьтны хувьд үр төлөө гаргадаг, шилжилт хөдөлгөөн хийдэг, ороо хөөцөөнд ордог онцлогтой чухал ач холбогдол бүхий газар нутаг болохыг харуулж байгаа тул энэхүү нэн ховор чухал амьтны генийн санг хадгалах, хэвийн тогтвортой амьдрах нөхцөлийг хангахад Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байгаа гэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Х.Болорчулуун нар ын тавьсан асуулт, тодруулгад УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл болон ажлын хэсгээс тайлбар өгөв. Гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудалд Засгийн газрын санал байхгүй байгаа тул хэрэгжилт ямар байх нь тодорхойгүй байна, мөн найман газар улсын тусгай хамгаалалтад авагдахаар хүлээгдэж байгаа ч эдгээрээс зөвхөн Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж байгаа нь ямар учиртай болох. Тост Тосонбумбын нурууний хил хязгаарыг юу баримталж тогтоосон зэрэг асуудлыг гишүүд хөндсөн юм. Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг чуулганаар хэлэлцэнэ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй