Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн санаачилж УИХ-д өргөн барьсан. Үүний дагуу өчигдөр уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” /1998/, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд” /2008/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан байна. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.9 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ | ||
Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.