Шууд Chart

ЧУУЛГАН: Малчдын хүүхэд гэлтгүй хотын захын гэр хорооллын 6 настнууд сургуульд суралцах боломжгүй байдаг

2016-04-08 10:10:26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн дагуу цэцэрлэг, сургуулийн хүртээмжээс гадна яригдаж буй нэг чухал асуудалд бол малчид хүүхдээ заавал зургаан настайд нь сургуульд оруулдаггүй байх тухай юм.

Өчигдөр чуулганы үдээс хойших хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед хууль санаачлагч болон байнгын хорооны даргаас зургаан настай хүүхдийг сургадаг тогтолцооноос ухрахгүй хэдий ч малчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулах эсэх сонголтыг өөрсдөд нь үлдээж байгаа гэсэн тайлбарыг хийж байсан. Түүнчлэн эцэг, эхчүүдийн төлөөлөл орсон сургуулийн зөвлөлөөр дамжуулан сургуулийн захиргаа энэ асуудлыг шийддэг байж болно гэсэн юм.

Д.Тэрбишдагва гишүүн дэлхийн жишгийн дагуу зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байх нь зөв хэдий ч манай улсад, ялангуяа хөдөө орон нутагт олон улсын жишигт нийцээгүй байгаа гэдгээ бодох хэрэгтэй гэсэн юм. Учир нь орон нутагт зургаан настай хүүхдээ сургуульд оруулахын тулд залуу эцэг, эх заавал тусдаа амьдрах болдог. Эсвэл эмээ, өвөө нь сумын төвд ирж хүүхдээ сургуульд сургадаг. Гэтэл цаана нь хоёр айлын малыг нэг айл маллахад хүрдэг гэсэн юм. Үүнээс гадна нийслэлийн захын хорооллын зургаан настай хүүхдүүд олон километр алхаж явдаг гэх мэт асуудал байгаа гэлээ. Харин дэд бүтэц нь хөгжсөн, ядаж л хүүхдүүдээ машинаар хүргэж өгөөд авдаг бол бүрэн боломжтой гэсэн байр суурьтай байв.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЧУУЛГАН: Малчдын хүүхэд гэлтгүй хотын захын гэр хорооллын 6 настнууд сургуульд суралцах боломжгүй байдаг   
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй