Шууд Chart

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зөв

2016-04-11 11:38:50

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвсэл болон бие даагчдын бүлэг хуралдаж тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ярьсан чухал хуулийн төслүүдийн нэг бол Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал. Бие даагч гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин хуулийг батлахдаа тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой гэлээ. Учир нь тусгай хамгаалалтад авсан нэрийн дор Ноён уул шиг зөвхөн орой хэсгийг нь хамгаалалтад авбал ямар ч нэмэргүй гэсэн юм.

Үүнээс гадна бие даагч гишүүд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхэд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байгаа гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Учир нь хөдөө орон нутагт зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд гэр бүл салалт нэмэгдэж буйгаас гадна залуу малчид бэлтгэх асуудал орхигдох нэг шалтгаан болж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хэтэрхий багаасаа малаас холдож улмаар залуу малчдын тоо буурах шалтгаан болно гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн сумын төвийн дотуур байранд суудаг зургаан настай хүүхдүүд хичээлдээ анхаарахаас илүү гэрээ санаж, сэтгэл санааны дарамтад ордог учраас зургаан настнуудыг асрах багшийн хувьсах зардлыг Боловсролын тухай хуульд нэмж, тодорхой тусгах шаардлагатай гэв.

Энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин бие даагч гишүүд эдгээр чухал хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Учир нь сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүдийн дунд улстөржилт явагдаж зарим хуулийг  үр дүнгүй болгоно гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зөв  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй