УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Хуульд хэрхэн өөрчлөлт оруулахаар зэхэж буйг түүнээс тодруулсан юм.
-Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн бэ?
-Нэр дэвшигчдийн квотод залуусын эзлэх хувийг зааж өгсөн санал орууллаа. Тодруулбал, хамгийн багадаа залуучуудын квотыг 20 хувиар тогтоох саналыг оруулж байна. Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Манай улсын нийт иргэдийн 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувь нь залуус. Гэтэл манай улс парламентдаа залуусын төлөөлөлгүй улс орнуудын нэг болж байна шүү дээ. Тиймээс бид улс төрөө цэвэрлэж, залуужуулах хэрэгтэй. 31 нас хүрсэн залуусыг дэлхийн жишгээр парламентад сонгосон хувь хоёр хувь байна. Гэтэл манай улс 0 хувь байна шүү дээ. Залуус нэр дэвших шатанд маш бага квоттой байна гэсэн үг. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр нэр дэвшиж байгаа хүний таван хүн тутмын нэг нь залуу хүн байхыг тусгасан.
-Залуус гэдэгт хэдэн насыг хамруулан тооцож байгаа юм бол?
-30-аас доош насыг хэлж байна. Шинэ цаг үеийн бүх мэдрэмжийг гаргаж чадах нас гэж үзэж байгаа.
-Хэдийгээр хуульчилж өгнө гэж байгаа ч улстөрд бэлтгэгдсэн 30-аас доош насны залуу боловсон хүчин хангалттай байгаа юу?
-Бид аливаа зүйлийг харанхуйгаар харах хэрэггүй. Залуучуудад боломж бололцоог нь нээгээд өгөх хэрэгтэй. Залуучуудад парламентад сонгогдох эрхийг нь нээж өгөх хэрэгтэй.
-Үүнийг дагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг мөн ярьж байгаа гэсэн?
-Мэдээж яригдана. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 насандаа авсан бол саналаа өгөх боломжгүй байгаа. Энэ асуудлыг бид цаашдаа ярих болно. Энэ тухай ард түмнээсээ асууж 16 настнуудын эрхийг нээх ёстой.
Л.Болд: Сонгуульд өрсөлдөх залуусын квотыг хамгийн багадаа 20 хувиар тогтоох санал оруулсан | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.