
Үүрээр Дархан хотод бороо оржээ. Өчигдөрхөн хуйлран байсан шороо борооны дусал бүхэнд дарагдаж, ангасан газрыг хэсэг хугацаанд ч болов амраасан байх юм. Энэ бороо ангасан газрыг услахаас гадна удтал хаврыг хүлээсэн Дарханчуудыг ч баярлуулсан нь илт. Учир нь чийг үнэртсэн сайхан өглөөг угтах Дарханчууд "Бурхантай уул" болоод дүүжин гүүр, "Морин хуур" цогцолбор, "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгээрээ эртлэн зугаалж харагдана. Манайхны зарим нь "хар үүрээр" гэж магадгүй ч Дарханчуудын хувьд өглөөг эртлэн угтдаг ажээ.
Дархан хотын эртэч иргэн н.Чинчулуунтай бид Бурхантай ууланд сурвалжлага хийж яваад таарсан юм. Тэрбээр өглөөний 06.00 цагт босч, Дархан хотынхоо цэцэрлэгт хүрээлэнгээр алхангаа, Бухантай уулан дээрээ гарч дасгал хийн, өглөөний нартай хамгийн түрүүнд "мэндлэх" дуртай гэнэ. Сүүлийн долоон жилийн турш өглөө бүрийг ийнхүү угтах болсон тэрбээр өдгөө 60 гаруй насыг элээж яваа.
н.Чинчулуунаас гадна залуучууд ч "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийнхээ дундуур гүйж яваа харагдана. Тэд "Сүүлийн хоёр өдрийн турш шороогоор шуурч, тэнгэр муудсан учраас гарч гүйж чадахгүй байлаа. Харин өнөө өглөө сэтгэл сэргэсэн сайхан өглөө байна" хэмээн ярьж байсан юм.
Эрүүл мэнддээ анхаарч, эрч хүчийг мэдэрч буй иргэдээс гадна, сургууль, цэцэрлэгийнхээ зүг явах багачууд, автобус хүлээн зогсох ажилтан гээд өнгөт нар мандан гийхтэй зэрэгцэн алхах Дархан хотын иргэд яахын аргагүй эртэч ажээ.
Ийнхүү Дархан хотын алдарт 16 давхар барилгын үзүүрийг ороон шинэ өглөөний дугариг улаан нар манхайн гийлээ.
Өнөөдөр Дархан хотод тариаланчдын Улсын зөвлөгөөн зохион байгуулагдана. "Монголын мэдээ" сувгийн сурвалжлах баг энэхүү зөвлөгөөнийг шууд дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт түгээхээр шуурхай ажиллаж байна.
Эртэч Дарханчууд | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.