Шууд Chart

ЧУУЛГАН: АТГ-ын дарга хоёр сая төгрөгийн цалин авдаг

2016-04-14 11:40:38

Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Н.Ганболдоос яагаад чөлөөлөгдөх болсон шалтгааны талаар асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Олон гишүүн АТГ-ын даргыг улс төрийн ямар нэг нөлөө, дарамт шахалтаас болж ажлаа өгч байна гэж бодож байгаагаа хэлсэн ч Н.Ганболд ямар нэг байдлаар дарам шахалт байхгүй гэж байна. Түүнчлэн АТГ-ын дарга болон албан тушаалтнууд өөрсдөө авлигад ихээхэн өртсөн байдаг талаар гишүүд хэлж буй. Харин АТГ-ын даргын хариулснаар АТГ-аас ажлын хариуцлага алдсан шалтгаанаар таван хүн халагдсан. Гэхдээ гэмт хэрэгт холбогдоогүй гэв. Түүнчлэн АТГ-ын дарга Н.Ганболд  нэг  сая 400 мянган төгрөгийн үндсэн цалинтай, үүн дээрээ онцгой байдал, цол зэргийн нэмэгдэл гээд хоёр сая төгрөгийн цалин авдаг гэдгээ хэлсэн. Мөн хөрөнгө орлогын мэдээлэл нь ил байдаг учраас харж болно гэсэн юм.

Үүнээс гадна гишүүд түүнээс оффшор бүсийн асуудалтай холбоотой асуултыг асууж байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн гадны судлаачдын хэлснээр манай улсад орж ирж буй гадны хөрөнгө оруулалтын дүнгээс харахад нэг хүнд 5400 ам.доллар оногддог. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд нэг хүнд 3700 ам.доллар оногддог. Тэгэхээр 2000 орчим долларын зөрүү хөрөнгө нь оффшорын бүсэд байх магадлалтай гэсэн байдаг талаар хэлсэн. Харин Н.Ганболд дарга “Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй, их хэцүү асуудал юм билээ” гэсэн хариултыг өгөв.

Чуулган үргэлжилж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЧУУЛГАН: АТГ-ын дарга хоёр сая төгрөгийн цалин авдаг  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
209.159.138.xxx [37.187.129.xxx] 2016-04-15 11:08
АТГ ер нь бол Энхбаяртай тэмцэх газар болсон юм биш үү...
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-14 11:44
20 саяыг өгчихдөг болоод хариуцлага ярь...

Бидэнтэй нэгдээрэй