Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжлээ. Тодруулбал, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон 57 гишүүний 43 нь буюу нийт гишүүдийн 75.4 хувь нь дэмжив.
Ингэснээр АТГ-ын дарга Н.Ганболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Тогтоолын төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд “Н.Ганболд дөрвөн жилийн хугацаанд АТГ-ын даргаар боломжийн ажилласан. Олон улсад авлигын индексээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 120-иос 72-д орж урагшилсан. Энэ бол ямар нэг нам, хүнээс хараат бус олон улсын байгууллагаас гаргасан дүн гэдгийг санах хэрэгтэй. Цаашдын ажилд нь амжилт хүсье” гэсэн юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар АТГ-ын дарга Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хоёр цаг гаруйн хугацаанд хэлэлцэн ийнхүү шийдвэрлэлээ. Чуулганы хуралдааны мэдээг бид цаг тухай бүрт нь уншигчдадаа хүргэж байсан. Та бүхэнд дээрх асуудлыг хэлэлцсэн явцын мэдээнүүдийг нэгдсэн байдлаар хүргэж байна.
11:40:38 ЧУУЛГАН: АТГ-ын дарга 2 сая төгрөгийн цалин авдаг
Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Н.Ганболд даргаас яагаад чөлөөлөгдөх болсон шалтгааны талаар асууж өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Ихэнх гишүүд АТГ-ын даргыг улс төрийн ямар нэг нөлөө, дарамт шахалтаас болж ажлаа өгч байна гэж бодож буйгаа хэлж байгаа ч Н.Ганболд дарга ямар нэг байдлаар дарам шахалт байхгүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн АТГ-ын дарга болон албан тушаалтнууд өөрсдөө авлигад ихээхэн өртсөн байдаг талаар гишүүд хэлж буй. Харин АТГ-ын даргын хэлж буйгаар АТГ-аас ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар таван хүн халагдсан, гэхдээ гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн. Түүнчлэн АТГ-ын дарга Н.Ганболд нэг сая 400 мянган төгрөгний үндсэн цалинтай, үүн дээрээ онцгой байдал, цол зэргийн нэмэгдэл гээд хоёр сая төгрөгийн цалин авдаг гэдгээ хэлсэн. Мөн хөрөнгө оруулгын мэдээлэл нь ил байдаг учраас харж болно гэсэн юм.
Үүнээс гадна гишүүдээс оффшор бүсийн асуудалтай холбоотой асуултыг асууж байна. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн гадны судлаачдын хэлснээр манай улсад орж ирж буй гадны хөрөнгө оруулалтын дүнгээс харахад нэг хүнд 5400 ам.доллар оногддог, харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд нэг хүнд 3700 ам.доллар оногддог. Тэгэхээр 2000 мянга орчим долларын зөрүү хөрөнгө нь оффшорын бүсэд байх магадлалтай гэсэн байдаг талаар хэлсэн. Харин Н.Ганболд дарга “Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй, их хэцүү асуудал юм билээ” гэсэн хариултыг өгөв.
11:26:36 Н.Алтанхуяг: Н.Ганболд хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон
Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд АТГ-ын даргаас асуулт асууж, саналаа хэлж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Н.Ганболд даргаас МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад Цагдаагийн газрын дарга байсан уу гэдгийг лавласан. Мөн Л.Гансүхтэй хамт нүүрсний хэргээр хоригдож буй гурван залууг одоо яагаад татварын хэргээр шалгаж болгож зовоогоод байгаа юм бэ гэдгийг асуусан.
АТГ-ын дарга Н.Ганболд М.Энхболд даргатай хамт ажилласан. Тэр үед хотын цагдаагийн газрын дарга байсан нь үнэн гэв. Мөн Л.Гансүх зөвлөхтэй хамт хоригдож байгаа залуусын талаарх мэдээллийг олон нийтийн өмнө ярих боломжгүй, тусад нь өөрт нь хэлье гэсэн юм.
Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн өөрийнхөө саналыг хэлсэн. Тэрбээр “Намайг АН-ын дарга байхад Ерөнхийлөгчийн саналаар Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилж, дэд даргаар нь Б.Хурцыг томилж байсан. Энэ бүх хүмүүс нийлээд өнөө хонгилыг үүсгэсэн. Н.Ганболд даргаа, Та хоншоор гаргаж чадаагүй, хонгил нээдэг хүн л болсон. Би таныг өрөвдөж байна. Та хожим дурсамжиндаа бүх үнэнийг бичээрэй. Дараа нь хэнийг тавих гэж таныг чөлөөлж байгаа юм бол. Та хонгилын хаалга нээж хуйвалдаанд оролцохоос залхасан уу, нэг л юм болсон. АТГ бизнесмэнүүдийг бүгдийг нь алсан. АТГ-ын ажилчид өөрсдөө авлига авдаг. АТГ-ын ажилтан нь өөрөө Ерөнхий сайдын зөвлөх болчихсон байна” гэлээ.
10:42:48 ЧУУЛГАН: “Н.Энхбаяраар хэлмэгдүүлэлт эхлүүлсэн гэж байгаа бол хариуцлагаа хүлээнэ”
Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэлж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл АТГ-ын даргын өөрийнх нь талаар ямар нэг мэдээлэл байдаггүй, хөрөнгө орлогын мэдээлэл нь ч ил биш байдаг гээд өөрийнх нь хөрөнгийн талаар асуусан. Түүнчлэн АТГ байгууллага дотроо хэрхэн авлигатай тэмцсэн бэ гэж асуув. АТГ-ын дарга Н.Ганболд АТГ-ын байгууллагын ажилтнууд болон даргын хөрөнгө орлогын мэдээлэл нээлттэй байдаг. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хяналтад нээлттэй байдаг. Тиймээс гишүүд энэ мэдээллийг харж болно гэсэн юм. Түүнчлэн өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй, мөн аль нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй гэлээ.
Мөн “АТГ-т 160 орчим хүн байдгийн 80 орчим хүн 35 хүртэлх насныхан. Аюулгүй байдал, хяналт шалгалтын алба байдаг. Мэдээж даргын хувьд ажилчдаа хэн ямар машин унаж байгаа, ямар цалин урамшуулал авч байгаа талаар хардаг. Гэхдээ мөрдөж мөшгидөггүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ АТГ-ын даргыг хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. Харин одоо үүнээсээ зугтаж байна гэж бодож буйгаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж бодож байгаа аж.
АТГ-ын дарга Н.Ганболд үүнд нь “Одоо би албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэрэв чөлөөлөгдвөл надтай ямар ч асуудал ярьсан болно. Хэрэв хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэж надад гомдол гаргавал би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.
10:22:37 Н.Ганболд: Олигархуудын нэрийг та нарын өмнө зарлахгүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэх талаар хэлэлцэж эхэллээ.
АТГ-ын дарга, тэргүүн дэд комиссар Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу өчигдөр түүний хүсэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Харин тэргүүн дэд комиссар Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил дутуу байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүн сонгууль дөхсөн ийм үед заавал тэтгэвэртээ гарах шийдвэр гарахад нөлөөлсөн ямар нэг албан тушаалтны нөлөөлөл байсан уу гэдгийг асуусан. Харин Н.Ганболд дарга “Төрийн тусгай албанд олон жил ажилласан учраас энгийн байгууллагын ажилчдыг бодвол илүү сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн байдаг. Тиймээс юм бүхнийг дарамт гэж боддоггүй” гэж хариулсан.
Мөн төрийн эрхийг ашиглаж хууль бус үйлдэл хийдэг олигархууд цагдаагийн, хүчний байгууллагуудыг ашигладаг. Тэдгээр олигархуудын нэрийг хэлж өгөөч гэсэн Ж.Батзандан гишүүний асуултад “Олигархуудын нэрийг та бүхний өмнө хэлэхгүй, энэ бол улс төрийн хүрээнд яригддаг асуудал” гэсэн хариулт өглөө.
ЧУУЛГАН: Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөв | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.