
Энэ сарын 13-нд Тариаланчдын улсын зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнд тариаланчдад зориулсан маш хэрэгтэй олон илтгэл тавигдсаны нэг нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын цаг уурч Ч.Сарантуяагийн “2016 оны дулаан улирлын цаг агаарын ерөнхий төлөв, түүнийг тариалангийн салбарт ашиглах нь” нэртэй илтгэл байлаа. Илтгэлд энэ хаврын хөрсний угтвар чийг болоод зуны улирлын цаг агаарын ерөнхий төлөвийг өгүүлсэн юм.
2016 оны зуны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөс харахад газар тариалангийн бүс нутгаар агаарын температур IV-V сард уур амьсгалын дунджийн орчим, харин үр тариа ялангуяа улаан буудайн хамгийн эмзэг бутлалтаас гол хатгалтын үе болон ус чийгийг хамгийн их зарцуулдаг түрүүлэлт цэцэглэлтийн үе шатууд явагддаг VI-VII сард уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй тул халах магадлалтай байгаа юм.
Харин хур бороо V сард тариалангийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, VI сард тариалангийн төв бүс нутгаар дунджийн хэмжээнд, харин Дорнодын Халхгол орчмоор дунджаас ахиу орох бол VII сард ихэнх нутгаар дунджийн хэмжээнд, зарим газар тухайлбал, Булган, Сэлэнгийн хойд, Халхгол орчмоор дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.
Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчтэй явагдаж байгаагаас газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, элементүүдийн эрч хүч, давтамжид ихээхэн өөрчлөлт орж хуурайшил нэмэгдэн хөрсний чийгийн хангамж улам багасах болж улмаар хохирол дагуулсан цаг агаарын гамшигт үзэгдэл ихээр ажиглагдах болсон тул түр зуурын ширүүн аадар бороо мөндөр орж, үер буух, хаврын сүүлчээр цочир хүйтэрч үр тариа, таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлөх, намрын эхээр нойтон цас орох зэрэг цаг агаарын тааламжгүй үе тохиолдох магадлалтай гэнэ.
Хөрсний угтвар чийг зургаан аймгийн тариалангийн бүсэд хангалтгүй байна
Хаврын хөрсний угтвар чийгийн нөөцийн урьдчилсан төлөвийн хүснэгтээс харахад Уриншилсан талбайд Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ /Ингэт толгой/, Сэлэнгийн Зэлтэр, Ерөө, Баруунбүрэн, Номгон, Баруунхараа, Хушаат, Дархан-Уулын 4-р бригад, Алтангадас, Төвийн Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгойд хөрсний угтвар чийг хангалттай байх аж.
Харин Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зүүнбүрэн, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Булганы Бүрэгхангай, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Цагааннуур, Алтанбулаг, Орхон, Төвийн Угтаал, Баянчандмань, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэрт хангалтгүй байхаар гарчээ.
Түүнчлэн Гуурстай талбайд Булганы Бүрэгхангай, Ингэттолгой, Сэлэнгийн Зэлтэр, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Орхон, Баруунхараа, Хушаат, Зүүнбүрэн, Дархан-Уулын 6-р бригад, 5-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгойд хангалттай, Булганы Тэшиг, Төвийн Угтаал, Баянчандмань, Хэнтийн Биндэрт дунд зэрэг, Дорнодын Халхгол, Булганы Бүрэгхангай, Төвийн Борнуур, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбаянд хангалтгүй байх ажээ.
Энэ зун Булган, Сэлэнгэ, Халхгол орчмоор дунджаас бага хур тунадас орно | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.