Шууд Chart

Хөгжлийн банкнаас олгох зээл зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдана

2016-04-18 10:24:17

Хүнс, хөдөө аж ахуйн яам хаврын улиралд тариаланчдад зориулсан тоног төхөөрөмж, үр бордоо зэргийн үзэсгэлэн болоод  тариалалтын бүс нутгийн төлөв байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэргийн талаар ярилцдаг бол намартаа тариалалт ямар байсан, ургац хэр хураав зэргийг ярилцаж, тариаланчдыг жилд хоёр удаа цуглуулан, хийсэн, хийх гэж буй ажлаа ярилцаж дүгнэдэг. Энэ жилийн хувьд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан Тариаланчдын Улсын зөвлөгөөн гурван жилийн дараа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ илүү онцлогтой байлаа. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд манай газар тариалангийн бүс нутагт тулгамдсан гол асуудлууд болоод салбарын яамнаас гурван жилд ямар ажлуудыг тариаланчдад зориулан хийсэн бэ гэдгийг энэ хаврын угтвар зөвлөгөөн дүгнэсэн гэхэд болно.

Зөвлөгөөнд ирсэн тариаланчдын хувьд ч нүдэнд харагдаж, гарт баригдах бодит асуудлуудыг салбарын төлөөллүүдээс тавьж байсан. Тодруулбал, тариалангийн даатгал болоод тариаланчдад зориулсан зээлийг яаж, ямар бичиг баримтаар авах. Газар тариалангийн тоног төхөөрөмжид үзүүлэх гаалийн болоод НӨАТ-ын хөнгөлөлттэй холбоотой багц асуудлууд гээд тариаланчдад хэрэгтэй байгаа асуултад албаныхан хариулт өгсөн.

Салбарын яамны хувьд Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг энэ оныг дуустал Гаалийн албан татвараас, 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл НӨАТ-аас тус тус чөлөөлөхөөр болсон. Тэгвэл энэ хөнгөлөлт тариаланчдын хувьд маш их боломжийг олгож байна гэж зөвлөгөөнд оролцогчид ярьж байлаа.

Түүнчлэн энэ сарын 7-нд Органик хүнсний тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хүрээнд тариаланчид юуг анхаарах ёстой талаар мөн ярилцсан юм.

Тариалангийн салбарын дунд хугацааны хөтөлбөр батлагдаж, 100 тэрбум төгрөг хүртэлх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар болсон. Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. ХХААЯ-ны зүгээс 1500 гаруй тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, компаниудын нэрийн жагсаалтыг Хөгжлийн банкинд хүргүүлээд байгаа бөгөөд энэ зээл нь зөвхөн 2016 оны хаврын тариалалтад зориулагдах талаар мөн албаныхан ярьж байсан юм.

Хөгжлийн банкнаас олгох хөнгөлттэй зээлний талаарх мэдээллийг доорх илтгэлээс үзнэ үү...

Б.Цацрал: Хятадад үйлдвэрлэсэн ургамал хамгааллын бүтээгдэхүүнүүд хортон шавжуудтай дасан зохицсон байдаг учраас ямар ч үр дүнгүй

Түүнчлэн зөвлөгөөний өмнө буюу энэ сарын 8-нд МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал болсон. Тус хурлаар улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөц, чанарт хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцсэн билээ. Хамгийн гол нь тус хэлэлцсэн асуудлын дунд сүүлийн жилүүдэд буудайн өвчлөлт 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, ургамлын өвчин үрийн хар хөгц альтернориоз, гельминтоспориоз хор хөнөөл нэмэгдэж байгаа талаарх мэдээлэл байлаа.

Харин энэ жилийн Тариаланчдын улсын зөвлөгөөний агрофарм үзэсгэлэнд ургамал хамгааллын бодис шүршигч, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг олноор нь тариаланчдад танилцуулж байсан юм. Энэхүү ургамал хамгааллын бодис болоод төхөөрөмжүүдийн талаар одоо та бүхэндээ танилцуулъя.

“Эко Грийн Планэт” ХХК-ийн аграномич Б.Цацрал: -Энэ жилийн хувьд анх удаагаа тариаланчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож байна. Бидний үзэсгэлэнд авчирсан энэхүү бодис бол үр тарианы ургамалд өргөн тархсан мөөгөнцрийн өвчний эсрэг буудай, арвай, хошуу будааны үрийг тарихын өмнө ариутгах дотоод үйлчилгээтэй фунгицид байгаа. Хүнсний ногоог ч хамгаалах зориулалттай. Энэхүү бодис маань түрүү жил лобарторийн шинжилгээр орж, нэлээд хэдэн газар тариалангийн компаниудад туршигдсан бүтээгдэхүүн. Хүмүүсийн хувьд маш сайн үр дүнтэй байна гэх дүгнэлтийг өгсөн. Манай газар тариалангийн хувьд хятадаас орж ирсэн ч юм уу монголын нөхцөлд зохицохгүй, хортон шавжийг устгах чадваргүй бодисуудыг хэргэлсээр байгаад яваандаа тэрхүү ургамал хамгааллын бүтээгдэхүүнд хортон шавжнууд дасан зохицоод, устахаа больчихсон байдаг. Яг тийм орчин нөхцөлд бид бүтээгдэхүүнээ туршихад маш өндөр үр дүнтэй гарсан.

-Усанд уусах зориулалттай, өтгөрүүлсэн шингэн гэж байна. Тэгэхээр хичнээн литр усанд хийгээд хэдий хэр хэмжээний талбайд хэрэглэх ёстой вэ?
-Энэ бодисуудыг хүлэмжид бус том га талбайн ургамал хамгаалалд хэргэлдэг. Жишээ нь үр ариутгах бодисыг 1 га-д ашиглах бол 100 грамм байхад л хангалттай. 100 грамм нь 10 мянган төгрөгийн үнэтэй. Маш бага тунгаар маш хямд өртгөөр тариалангийн талбайгаа, ургамалаа хамгаалах боломжтой гэж ойлгож болно.

Энэ бол “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Өөрөө явагч хор шүршигч. Энэхүү хор шүршигч нь 174 морины хүчин бүхий САТ хөдөлгүүртэй, нэг удаагийн цэнэглэлтээр 30.5 га газарт хор цацах чадалтай юм байна. Мөн 1 га-д 1.89 литр түлш зарцуулж, ижил төрлийн хор цацагчдаас илүү өргөн талбайд хор цацдагаараа онцлогтой. Тус төхөөрөмжийг газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ, Дархан аймгуудад ашиглаж эхэлсэн бөгөөд манай орны газар тариалангийн нутгийн хөрс, уур амьсгалд тохирсоны зэрэгцээ олон улсын стандартад нийцсэнээрээ онцлогтой юм.

Энэ бол “Эксада Сервис” ХХК-ийн оруулж ирдэг хор цацагч төхөөрөмж. Тус төхөөрөмжинд ургамал хамгааллын хороо хүссэн хэмжээгээрээ хийх боломжтой. Тухайн компанийн хувьд европийн өндөр хүчин чадалтай бүтээгдэхүүнийг оруулж ирдэгээрээ онцлогтой юм. Мөн салбар яамнаас гаргасан шийдвэр тогтоолоор гаалийн албан татвар болоод НӨАТ-аас чөлөөлөгдсөн учраас тариаланчдад хямд өртгөөр тоног төхөөрөмжөө нийлүүлэх боломжтой ажээ.

Энэ мэтээр энэ хаврын Тариаланчдын Улсын зөвлөгөөн ургамал хамгааллын бодисууд болоод шинэ бүтэц, генетикийн бордоонууд, бороо оруулагч төхөөрөмж, газар тариалангийн хүчтэй хүнд техникүүдээр дүүрэн үзэсгэлэн худалдааг дэлгэснээс гадна тариаланчдын асуултад тодорхой хариултыг өгч чадсан гэх дүгнэлтийг зөвлөгөөнд ирсэн 500 орчим төлөөлөгчид ярьж байсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хөгжлийн банкнаас олгох зээл зөвхөн энэ хаврын тариалалтад зориулагдана  
Үзсэн: 3965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй