Шууд Chart

Хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд өдөрт 4 цагийн цалинтай чөлөө олгохоор боллоо

2016-04-19 11:47:12

Засгийн газраас улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор хөхүүл эхчүүдэд олгох цагийн цалинтай чөлөөг нэмжээ. Тодруулбал, нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд долоодугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор болж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн завсарлага олгохоор заасан байдаг. Тэгэхээр Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл 0-1 настай хүүхэдтэй эхчүүдэд өдөрт дөрвөн цагийн цалинтай чөлөө олгох юм.

Үүнээс гадна Засгийн газраас улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг, эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гарагт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Мөн улаанбурхан өвчнөөр өвчилсөн өвчтөнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардалд зориулан 453.9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд өдөрт 4 цагийн цалинтай чөлөө олгохоор боллоо  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй