МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН, МАХН-тай хамтрах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ч.Хүрэлбаатар, IV бага хурлыг даргалсан Н.Энхболд нар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд М.Энхболд дарга хэлэхдээ "Бидний ач холбогдол өгч, анхаарал тавьсан асуудал бол МАХН-тай эвсэж, нийлэх тухай асуудал байсан. МАХН-тай эвсэх тухай асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан зүйлд тохиролцож гарын үсэг зурсан.
Энэ асуудлыг манай Удирдах зөвлөл хэлэлцээд манай намын санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгүүдийн ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох асуудал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрч Бага хурлаар хэлэлцэж, эвсэх шийдвэрийг гаргахаар болсон. Үүнийг хэлэлцэж байх явцад МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Та бүхэнд жишээ хэлэхэд бид 80:20 гэж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн.
Ажлын хэсгийн гарын үсэг зурсан баримт бичигт 33:67 дээр тохирсон. Тэгэхээр хэн нь хүлээцтэй, хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж байсан нь тодорхой харагдаж байгаа байх. Бидний дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй өөрчлөх санал тавьсанд итгэл алдарсан" гэлээ. МАХН-аас орон нутгийн сонгуульд 70:30-аар, Засаг дарга, ИТХ-ын даргыг орон нутагт ялбал хоёр намаас сөөлжүүлж тавих саналыг МАН-ын талд танилцуулсан юм байна. Хэдийгээр сонгуульд эвсэж орж чадахааргүй болсон ч МАХН-ын гишүүд, дэмжигчдийн өмнө МАН-ын үүд хаалга нээлттэй байна гэдгийг онцолж байв.
Цаашдаа хоёр нам эвлэж, нэгдэх асуудлыг ор тас орхихгүйгээр хичээл чармайлт гаргасан хэвээр байхыг МАН-ын удирдлагууд хэлж байлаа. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ талаар хэлэхдээ "МАН дангаараа ямар нэг намтай эвсэхгүйгээр 2016 оны сонгуульд оролцох нь ойлгомжтой болсон. Эцсийн мөч хүртэл, Бага хурлаа 2-3 удаа завсарлуулан байж эвсэх гэсэн хүлээлтэд хариу өгөх зарчим баримталсан. Харамсалтай байна.
Олон зуун мянган гишүүн, дэмжигчийн маань 4-5 жил хүлээсэн зүйлийг улс төрийн зөвшилцөл, эвслийн механизмыг ашиглаж хийх гэсэн тохиролцоо, наймааны хэрэгсэл болж хувирах гээд байсан. Магадгүй хэт хүч тулгасан, хүлээж авахын аргагүй болзол тавьж байсан учраас эвсэх асуудал боломжгүй боллоо. МАН өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа. Сонгуулийн бэлтгэлээ базааж, ялалтын төлөө ажиллах болно" гэсэн юм. Уулзалтын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.