
Америкийн кино жүжигчин, найруулагч, зохиолч Жон Жозеф Николсон 1937 оны дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлжээ. Тэрбээр 79 нас хүрч байгаа юм. Түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хар талыг харуулсан цөөнгүй дүрүүдээр уран бүтээлчийнхээ гайхамшигт авьяасыг харуулсан Холливудын домогт жүжигчдийн нэг гэж хэлж болно.
Тэрбээр Оскарын шагналд 12 удаа нэр дэвшиж улмаар “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” (1975), “Сайны туйл” (1997) зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн" болж байв. Харин 1983 онд “Дотно үгс” киногоор хүртсэн "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг нь оролцуулбал Дэниел Дэй-Льюис, Уолтер Бреннан нарын хамт Оскарын олон удаагийн эзэн юм.
Николсоны тоглосон “Дэмий сэлгүүцэгч” (1969) киноны “Жорж Хэнсон”, “Сүүлчийн томилолт” (1973) киноны Билли Баддаски, “Хятад хороолол” (1974) киноны Ж.Ж.Жэйк Гиттс, “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” (1975) киноны Рэндл Патрик Макмёрфи, Гялбаа (1980) киноны Жек Торренс, “Шууданч хонхыг хоёр удаа дардаг” (1981) киноны Фрэнк Чэмберс, “Улаанууд” (1981) киноны Южин О'Нил, “Дотно үгс” (1983) киноны Гарретт Бридлав, “Бэтмэн” киноны Жокер, “Сайны туйл” (1997) киноны хурандаа Натан Р.Жессеп, Хоффа (1992) киноны Хоффа, “Чоно” (1994) киноны Уилл Рэнделл, “Шмидтийн тухай” (2002) киноны Уоррен Шмидт, “Одогсод” (2006) киноны Фрэнк, “Хүслийн жагсаалт” (2007) киноны Эдвард Коул зэрэг олон дүрийг онцлох нь зүйтэй.
Түүнийг энэ мэт олон уран бүтээл нь чимдэг ч хайр дурлалын адал явдал нь гутаах гээд байдаг гэмтэй. Тэр 2000 орчим хүүхэнтэй холбоотой байсан гэдэг. Тэдний дунд Анжелика Хьюстон, Женис Дикинсон, Мишель Филлипс, Ларой Флинн Бойл, Жони Митчелл, Мелани Гриффит, Мерил Стрип нар байжээ. 77 нас хүрээд тэр “Секс-бөмбөг” гэж нэрлэгдэхээс баахан зовох болж, “Хөнгөн явдал нэгэн цагт муугаар дуусна гэдгийг би мэддэг болсон. Тэгээд ч одоо надад ажлаа хийж, хажуугаар нь шалиглаж явах тэнхээ алга болж дээ” гэж хэлсэн гэдэг.
Оскарын хамгийн олон удаагийн эзэн Жон Николсон өнөөдөр мэндэлжээ | ||
Үзсэн: 5105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.