Шууд Chart

2009 онд гурван ихэр хүүхэд хамгийн олон мэндэлжээ

2016-05-02 10:38:09

Манай улс дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Ихрүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг  Монголын ихрүүдийн холбооноос “Ихэр заяа” гэх нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлсээр өдгөө 20 гаруй жилийн нүүрийг үзээд байна. Монголын ихрүүдийн холбоо 2004 онд байгуулагдсан. Дэлхийн ихрүүдийн холбоонд 2008 онд элссэн ажээ.

Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд мэндэлсэн Даваагийн Цэрмаа, Даваагийн Гүнсмаа, Даваагийн Дэнсмаа нар. Тэд 1950 оны наймдугаар сарын 1-нд мэндэлсэн бөгөөд өдгөө 66 насны босгыг алхаж яваа сайхан буурлууд. Тэд одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Гурван ихрийн дундах болох Д.Гүнсмаагийн охин хоёр ихэр охин төрүүлснээр ихрийн удам цааш үргэлжилж байгаа юм.

Монголын анхны гурван ихэр 3 нас хүртлээ улсын асрамжинд байсан бөгөөд тэдний зурагтай анхны марк охидын бага ангийн багшид цор ганц хувь хадгалагдаж байдаг ажээ. Түүнчлэн тэднийг мэндлээд эмнэлэгээс гарах болоход Маршал Ю.Цэдэнбал өөрийн машинаараа үйлчилж, гэрт нь хүргэж байсан бөгөөд тухайн үед “Маршалын машинаар гэртээ харьсан Монголын хамгийн анхны гурван ихэр” хэмээх нийтлэл сонинд гарч байжээ.

Харин Монголын хамгийн анхны дөрвөн ихэр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарын гэр бүлд мэндэлсэн юм.  Гурван хүү, нэг охин ихрүүдийг Магнай, Манлай, Мандал, Маргад гэж нэрлэсэн байна. Харамсалтай нь ихрүүдийн нэг бурхан болсон билээ.

Сүүлийн таван жилийн мэдээнээс харахад, зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хоёр ихэр 2832, гурван ихэр 47 төрсөн гэх мэдээ байна.

Хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм. Тус аймгаас 2012 оны ихрийн баярт 20 ихэр ирж оролцож байжээ. Албан бус тоогоор манай улсад 4500 гаруй ихэр бүртгэлтэй байдаг гэнэ.  Мэдээж гурван ихэр, дөрвөн ихрүүд төрөх нь манай улсын хувьд маш ховор тохиолдол. 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27 мэндэлж байсан нь ихрүүдийн түүхэн дэх хамгийн их тоо болон бичигдсэн байна.

БНСУ-д Монголын гурван ихэр охин мэндэлжээ

 Монголын хамгийн алдартай ихэр бөх бол Лодойн Энхбаяр болон Лодойн Эрхбаяр нар юм. Тэдний тухай нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, 1989 оны Дэлхийн аваргад Л.Энхбаяр очиж барилдах байсан ч яг тэмцээн болохын өмнө эгмээ гэмтээснээс болж Л.Эрхбаяр, Л.Энхбаярын оронд очиж барилдаад хүрэл медаль авч байсан байна. Тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллүүд Л.Энхбаярыг ялсан мэтээр бичиж байсан бол Монголд Л.Эрхбаяр түрүүлсэн байна гэж бичсэнээр нэлээд шуугиан тарьж байсан гэдэг. Бүр Нисэхийн нэгэн ажилтныг монгол хүнээ ялгасангүй гэх шалтгаанаар ажлаас нь халж байжээ. Л.Энхбаяр, Л.Эрхбаяр нар хоёулаа Улсын начин цол хүртсэн. Л.Энхбаяр Азийн аварга, Сөүлийн олимпийн дөрөвдүгээр байрын эзэн бол л.Эрхбаяр дэлхийн аваргын хүрэл медальтай юм.

Бөхчүүдээс гадна урлаг соёлынхонд ихэр цөөнгүй бий. Тодруулбал, н.Дунжаа, н.Дунжмаа гэж хоёр ихэр гавьяат байдаг бол урлагийнхан дунд ихрүүд олон.

“Камертон” хамтлагийн дуучин Эба, Болд нар ихэр эгч дүүстэй гэрлэсэн бол Эбагийнх ихэр охинтой болсон ажээ. Дуучин Э.Минжинсорын ихэр охидыг Викториа, Жессика гэдэг зэргээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Баттулга нар ихэр хөвгүүдтэй юм байна.

Монголын хамгийн олон ихэр хүүхэдтэй ээж бол Ц.Ундрах хэмээх  ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөнт дасгалын сувилагчаар ажилладаг эмэгтэй бий. Тэрбээр дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Түүний хоёр том нь 2003 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн Э.Цэцлэн, Э.Цэцэглэн гэдэг нэртэй. Удаах хүү, охин хоёр нь 2006 оны зургаадугаар сарын 7-нд төрсөн. Хоёр бага нь бас хүү, охин. Тэд 2008 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэндэлсэн. Дөрвөн бага нь 69 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг юм байна. Б.Энхтөрийн өнөр өтгөн ихэр гэр бүлд нийслэл хотын ойгоор байрны түлхүүр гардуулсан билээ.

Ихрүүдийн баяртай холбоотойгоор Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц 60-аас дээш насны ихрүүдийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ жилийн хувьд ч энэ уламжлал давтагдсан. Монголд 16 ихэр асрамжийн газар байдаг гэх мэдээ бий.

Харин хилийн чинадад төрсөн гурван ихрийн талаарх мэдээллийг хүргэхэд 2013 оны хоёрдугаар сарын 13-нд Б.Батчимэг гэх эмэгтэй БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт гурван ихэр охин төрүүлсэн. Тэдэнд С.Хос-Аялгуу, С.Хосзаяа, С.Хос-Учрал  гэсэн нэр өгчээ. Охид одоо гурван ойтой.

Харин манай улсад мэндэлсэн хамгийн отгон ихрийг танилцуулахад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймагт гурван ихэр мэндэлсэн. Тэдгээрийн хоёр нь хүү, нэг нь охин. Бид отгон ихрүүдийн талаарх мэдээллийг та бүхэндээ MNB.mn сайтаараа дамжуулан хүргэсэн билээ. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

2009 онд гурван ихэр хүүхэд хамгийн олон мэндэлжээ  
Үзсэн: 7599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-05-02 12:18
Ихэрүүдэд аз жар6ал хүсье

Бидэнтэй нэгдээрэй