
Эх орныхоо хилийн аймгуудаар нар зөв тойрох зорилго өвөртлөн гарсан М.Дархижавын аялал өдгөө Өмнөговь аймагт үргэлжилж буй. Тэрбээр адал явдалт, өртөөчилсөн аяллаа тэмээн дээр үргэлжлүүлж байгаа юм. Тэрбээр аяллынхаа замд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байх “Тооройн төгөл” буюу “Шаравын чангалан”-гийн тухай ийнхүү бичжээ.
Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс баруун урагш 200 градуст 150 орчим киллометрт, Орвог гашууны бор толгойгоос хойш 20 гаран киллометрт байрлах Тооройн төгөл буюу “Шаравын чангалан”-д очиж үзлээ.
Дээхэн үедээ Монгол, Хятад хоёр улс хилийн хаалтгүй байсан үед мал амьтан нааш цааш их гардаг байж. Өмнөд хилээр ихэвчлэн тэмээ хил зөрчдөг. Тэр үед хилчин цэргүүд тэмээнүүдийг хорьж тогтоох үүрэг авдаг байж. Дараа 2 улсын хилийн уулзалтаар хүлээлгэн өгдөг гэнэ. Тэр үед юм байх. 1972-1975 оны хооронд Жаалшандын заставт Жимэдийн Шарав хэмээх шинэ цэрэг алба хаахаар очсон юм гэнэ. Мань цэрэг харуулын ээлжинд гарч байх үед өмнөдөөс 60 орчим тооны тэмээ орж иржээ. Тус тэмээн сүрэг төгөлийн орчимд байх задгай усанд хошуурсан байна. Застав руугаа мэдэгдэхэд хорьж тогтоож байх үүрэг өгчээ. Тухайн үйл явдал болохоос эрт цаг үед Баянхонгор аймгаас нэгэн хүн 100 торойн үндэс авчиран суулгасан түүхтэй. Тэр нь өнөө цагт ийм хэмжээний томоохон төгөл болон өргөжсөн байна. Ж.Шарав цэрэг төглийг тойруулан төмөр утас татаж хашаалан тэмээг хорьсон юм гэнэ. Ингээд хэдэн сар өнөөх хашаалсан тэмээнүүдээ мартаж орхиж. Тэмээнүүд өвч, усгүй байж зарим нь амь тавьж байсан ийм учраас тус төглийн нөгөө нэр нь Шаравын чангалан болсон учиртай. Ийм газар очиж, толгой дохин одоо ч ором нь арилаагүй моддыг хараад итгэсэн.
Ингээд тус цэргийн талаар сураг тавихад тэрбээр Ноён сумын харьяат хүн аж. Аяллын минь зам тус суманд хэд хоногийн дараа очиж сураглан эрж байж өнөөх Шарав цэрэгтэй уулзлаа.
Ноён сумаас баруун хойш 8 орчим км-т нутаглах юм. Одоо Шарав цэрэг гэх эрхэм 60 гарч яваа ахмад ард. Шарав гуай “Та нарын сонссон түүх үнэн. Би тэгсэн. Гэхдээ тухайн үед дээрээс тушаасны дагуу хорьж тогтоох үүрэг авсан. Тийм хэдий ч хашсан тэмээгээ мартаж өлсгөж цангуулж байгаагүй. Өдөр гаргаж шөнө хашдаг байсан. Тэгээд арван хэд хоногийн дараа 2 улсын хилийн уулзалтаар хүлээлгэн өгч байлаа” хэмээн ярив. Сүүлийн үед тус газарт очсон хүмүүст буруу мэдээлэл өгч намайг их муухай харгис хүн мэт ойлголт өгөөд байгаад харамсаж явдаг гэж хоолой чичрүүлэн үгс урсгалаа. Миний хоёр хүү намайг зориод ирсэнд баярлалаа. Өөрсдийнхөө хүрээнд ч гэсэн, цөөхөн ч гэлтгүй хүмүүст үнэнийг дамжуулаарай гэсэн хүсэлтийн дагуу ийнхүү товчлон сийрүүллээ.
Ер нь тэгээд ч манайхан ам дамжсан үгэнд итгэдэг. Гэтэл дам үгний ард эзэн нь жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг юм шүү.
Өмнөговь аймаг Ноён сум. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр
“Тооройн төгөл” буюу “Шаравын чангалан” | ||
Үзсэн: 2131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.