Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ундааны саваар ногооны хүлэмж барьсан хүн байна. Ихэвчлэн хаягдал болдог хуванцар саваар хүлэмж хийсэн шинэ туршлагаас та бүхэнтэй хуваалцъя.
Юмханаар юм хийж, бүтээх сэтгэлгээ Монголчууд бидэнд их бий. Тэдний нэг бол Х.Сундуйдагва юм. Тэрбээр ногооны хүлэмжээ ус, ундааны хаягдал сав ашиглан босгожээ. Уг нь хүлэмжээ гялгар уутаар барьдаг. Харин гялгар уут нар, салхинд элэгдсээр байгаад амархан урагдчихдаг, нэг жилийн л настай байх юм гэж Х.Сундуйдагва гуай ярилаа. Тиймээс нэг босгосон хүлэмжээ хэдэн жил илүү ашиглахын тулд хуванцар саваар барих санааг бодож олсон байна. Ингээд өнгөрсөн жил 5000 орчим хуванцар сав цуглуулж, нэг сар гаруйн хугацаанд найман метрийн урттай, 4.5 метрийн өргөнтэй хүлэмжээ босгожээ.
Хүлэмжинд эхний ээлжинд туршилтаар сонгино тарьж үзсэн байна. Харин сонгино нь сайн ургаж байгаа учраас помидор, огурцы тарихаар төлөвлөж байгаа ажээ.
Хуванцар саваар барьсан хүлэмж, гялгар уутаар барьсан хүлэмжээс ялгаатай байгаа эсэх талаар асуухад Х.Сундуйдагва “Хуванцар саваар барихаар чийгээ алдахгүй, хадгалаад байдаг сайн талтай юм байна. Мөн хүчтэй бороо орохоор ундааны саван дээр ус тогтоод тэр нь дараа нь зөөлхөн хөрсөндөө урсаж шингээд их зүгээр юм. Тэгээд ч агаар, салхи нэвтрүүлэх нь их сайн” гэлээ.
Харин түүний гэргий З.Бямбаа “Одоо дулаарахаар нарийн ногоогоо хүлэмжиндээ тарина. Хэрэв амжилттай болж байвал ирэх жил хашаандаа дахиад ийм хүлэмж барихаар төлөвлөж байна” гэж ярилаа.
Хуванцар саваар ногооны хүлэмж барьжээ | ||
Үзсэн: 10255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.