Шууд Chart

1953 онд "Питер Пэн" нэртэй хүүхэлдэйн кино анх дэлгэцнээ гарч байжээ

2016-05-09 10:22:54

1860 оны энэ өдөр Питер Пэний зохиолч Жэймс Барри Шотланд улсад мэндэлжээ. Тэрээр Эдинбургийн Их Сургуулийн уран зохиолын анги төгссөний дараа "Нотингам" сэтгүүлд 1885 он хүртэл ажилласан байна. Ингээд 1885 оноос чөлөөт зохиолчоор ажиллах болж, 1888 онд “Олд Лихт Идилс” хэмээх цувралаа хэвлүүлжээ.

Анхны зохиол нь амжилт олсонд урамшсан Жэймс 1889 онд “Бяцхан санваартан” нэртэй өгүүллэгээ гаргасан байна. Энэхүү зохиол нь өмнөхөөсөө илүү амжилт олсон гэдэг. Зохиолч 1897 оноос чиглэлээ өөрчлөн жүжгийн зохиолд шамдан орж, хэд хэдэн цуврал жүжиг бичсэн байдаг. Тэдгээр зохиолуудаас хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болсон Питер Пэн зохиол юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай бичсэн үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь эргүүлэн авчирснаараа онцлог хэмээн тухайн үеийн шүүмжлэгчид хэлж байжээ. Энэ зохиолоороо Жэймс Барри маш их алдар хүндээс гадна Гүн хэмээх цолыг хүртэж байжээ. Мөн 1922 онд энэхүү зохиолоороо Гавьяат цолыг хүртсэн байна. Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд Уолт Дисней продакшн "Питер Пэн" хүүхэлдэйн кино болгон анх дэлгэцнээ гаргасан байна.

Тус хүүхэлдэйн кинонд бол хэзээ ч өсөж том болохыг хүсдэггүй Питер нэрт жаалхүүгийн тухай. Мөн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнц болох “Хаана ч үгүй” арал, гэрэлт тоос цацруулан нисдэг бяцхан шидэт дагинасын тухай ч энд өгүүлнэ. Питер гэрээсээ оргон, "Хаана ч үгүй” арал дээр очсоноор мөнхийн балчир хүүхдээрээ, сүүн шүдтэйгээ үлддэг. Тэр мөн өөртэйгээ адилхан мөрөөдөлтэй хөвгүүдийг олж, тэнд аваачин Дэгээ нэрт далайн дээрэмчдийн ахлагчтай тулалдан, улаан арьстнуудтай нөхөрлөн, лусын дагинастай найзласнаар адал явдалтай учирдаг юм.

Шотландын зохиолч Жэймс Барригийн “Питер Пэн, Венди хоёр”, “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт” зохиолууд нь XX зууны хүүхдийн уран зохиолын ноён оргилуудын нэг билээ. Өдгөө энэ нэрийг хүүхэд бүр мэдэх болжээ.

“Питер Пэн”-тэй холбоотой сонирхолтой түүхийг сөхвөл, Жэймс Барри дотны найз Сильвия, Артур хоёрыгоо өөд болсны дараа тэдний таван хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгч нь болсон байна. Энэхүү Питер Пэний тухай гайхамшигт түүхээ өнчин үлдсэн тэр таван хүүхдэд зориулан бичжээ.

Түүнчлэн Питер Пэнд зориулсан хамгийн анхны хөшөө Лондон хотын төвд байрлах Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд 1912 оны дөрөвдүгээр сарын 30-нд сүндэрлэсэн бол үргэлж хүүхдээрээ үлдсэн Питер Пэний хөшөө дэлхийн зургаан хотод сүндэрлэн боссон нь бий.  

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

1953 онд "Питер Пэн" нэртэй хүүхэлдэйн кино анх дэлгэцнээ гарч байжээ  
Үзсэн: 3294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй