Шууд Chart

Б.Бадамсүрэн: Залуус надад юм хэлбэл “Булчинлаг нударгаа буулгана байх” гээд айдаг байх

2016-05-09 15:08:59

Монголын бодибилдинг фитнессийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг бодибилдинг, фитнессийн 25 дахь удаагийн УАШТ энэ сарын 28, 29-нд “UB Palace-ийн их танхимд болно. Тус холбооны гишүүн, “Дарханд Фитнесс” клубын тамирчин Б.Бадамсүрэнтэй ярилцлаа.  

-Тун удахгүй бодибилдинг, фитнессийн УАШТ болно. Үүнд та оролцох уу?

-Үгүй. Хэсэг хугацаанд бэртэлтэй байсан болохоор бэлтгэл муу байна. Мөн өөр төлөвлөсөн ажил бий. Гэхдээ сэтгэл зүрх минь хэзээний бэлтгэл хангагдсан үе шигээ их догдлолтой байна. Оролцохгүй ч дэргэдээс нь үзнэ ээ. Тэмцээнд оролцохдоо би өөрийнхөө ажиллуулдаг “Дархан Фитнесс” клубаар овоглодог.

-Таны бэлтгэлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Ер нь долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?

-Тэмцээний бус үед долоо хоногийн дөрвөн өдөр бэлтгэл хийдэг. Тэмцээн ойртсон үед өдөр бүр хоёр удаа хийдэг. Энгийн үеийн нэг өдрийн бэлтгэлийн хуваарь 13:00-15:00 цагийн хооронд байдаг. Мөн оройн цагаар аэробикийн хичээл заадаг. Тэмцээний үед 07:00 цагт кардио, 13:00-16:00 цагийн хооронд үндсэн булчингийн бэлтгэлээ хийдэг. Хэдийгээр ийм их ачаалалтай байгаа ч өөрийнхөө биеийн өөрчлөлтийг харахаар урам орно шүү.

-Ер нь та энэ спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-2006 оноос ОУХМ Х.Ариунболд багшийн удирдлага дор бэлтгэл хийсэн. Зөвхөн жингээ хасах гэж найздаа “чирэгдэж” фитнессийг зорьж байлаа. Тасралтгүй хичээллээд байхаар биед өөрчлөлт орохыг мэдэрснээр энэ спортод дурлах болсон. Гэхдээ тамирчин хүний хийх ёстой бэлтгэлийг 2010 оноос эхэлж хийсэн. Анх хичээллэхдээ би 65 кг жинтэй байсан ч мяраалаг харагддаг байв. Харин одоо үндсэн жиндээ байгаа ч галбиртай болсон. Тэмцээнд оролцохдоо 59 кг-д өрсөлддөг. Багаасаа спортод дуртай байсан болохоор өнөөдөр үүгээр хичээллэж байна. Спорт бүхэн сайхан. Хувь хүнийг ч хүмүүжүүлэх увидастай. Миний хичээллэдэг спорт их гоёмсог, ихэмсэг, тансаг.  

-Фитнессээр хичээллэхэд эмэгтэй хүний хувьд хүнд үү?

-Эрүүл мэнддээ анхаарч хийхэд хүнд биш ч тамирчин хүний үүднээс хичээллэхэд амар зүйл биш. Учир нь асар их тэвчээр, хатуужил шаардагдана. Гэхдээ нэгэнт сонгосон хүн энэ бүгдийг ойлгох хэрэгтэй.

-Та ямар амжилт үзүүлж байсан бэ?

-2010 оны УАШТ-ээс хос алтан медаль, цом хүртсэн минь миний анхны амжилт. Түүнээс хойш дээрх тэмцээнээс гурван алт, “Мисс Фитнесс”, хоёр удаа “Мисс Модель”-иор өргөмжлөгдсөн. 2011 оны Азийн АШТ-д “Мисс фитнесс”, “Мисс модель” төрлөөр оролцож, “Топ-5”-д багтаад хос цом атгасан.  

-Энэ спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүл миний ямар ч шийдвэрийг дэмждэг. Гэхдээ тэмцээний бэлтгэл хийгээд  жингээ хасч, хоолны дэглэм бариад, өндөр ачаалалтай ажиллахаар миний өмнөөс шантраад байх шиг санагддаг.

-Фитнессээр хичээллэхийн ач холбогдол юу вэ?

-Эрүүл зөв амьдралын хэвшилтэй болохоос гадна хувийн зохион байгуулалттай болж, ажлын бүтээмж сайжирна. Хамгийн гол нь эрүүл амьдарна. Өөрийнхөө  хүссэн гоо сайхан, бие галбираа бүтээж чадна. Зурсан юм шиг бие, зорсон юм шиг галбиртай болно шүү дээ.

-Клип, реклам, кинонд тоглуулах санал ирдэг үү?

-Манай Дархан-Уул аймгийн дуучнаас клипэндээ тоглуулах санал ирж байсан. Саяхан уран сайхны нэг киноны олны хэсэгт гараач гэсэн ч цэвэр ичимтгий зан, бэлтгэл хоёр давхцаад амжаагүй.

-Урлагийн авьяас бий юу?

-Байдаггүй юм шиг байна билээ.

-Анх удаа үзэгчдийн өмнө усны хувцастай гарахдаа ичиж байсан уу?

-Ичихээсээ илүү сандарсан. Биендээ тусгай крем түрхдэг болохоор нүцгэн байгаагаа мартсан байсан.

-Хүүхнүүд гоолиг байхыг хүсдэг ч “булчин шөрмөсөндөө баригдсан биетэй байх муухай” гэдэг?

-Ихэнх нь иймэрхүү буруу ойлголттой байсан ч сүүлийн үед арай өөр болсон. Эмэгтэй хүн булчинтай болоход санааны зоргоор болдог юм биш. Олон жилийн хөдөлмөр шаардагдана. Энгийн фитнессчид шиг хийхгүй, нэмэлт хэрэглээ ч өөр байдаг.

-Булчинлаг биеийг тань залуучууд хэрхэн дүгнэж байх юм?

-Зарим нь “Хэт булчинлаг” гэж боддогтоо жийрхдэг бол бахархах нь ч бий. Залуучууд намайг юу гэж бодсоноо өөдөөс хараад хэлдэггүй ч фэйсбүүктээ оруулсан зурагны доор сэтгэгдэл үлдээсэн байдаг. Дэргэд хэлбэл, аягүй бол “Булчинлаг нударга бууна байх” гэж айдаг биз.   

-Биеэс чинь таалагддаггүй хэсэг байдаг уу?

-Байдаг байсан. Харин одоо байхгүй.   

-Танд ямар залуу таалагддаг вэ?

-Өөртөө арчаатай, гүндүүгүй сайхар эр.   

-Ивээн тэтгэдэг байгууллагатай юу?

-Хамгийн их зарлага өндөртэй спорт бол бодибилдинг, фитнесс. Ер нь ихэнх тамирчин өөрийнхөө хэрэглээнээс тансан мөнгөө тухайн спортдоо зориулдаг. Одоогоор би ивээн тэтгэгчгүй байгаа. Бор зүрх, хүсэл зорилгоо дагаад л явж байна.

-Үүнээс өөр ямар спортод сонирхолтой вэ. Өмнө нь өөр спортоор хичээллэж байв уу?

-Спорт болгоныг оролдох гэж үзсэн. Ихэвчлэн хөнгөн атлетик, сагс, гар бөмбөг, теннисээр хичээллэдэг байсан.  

-Танд гоёж гангалах боломж хэр олдож байна?

-Хувцсаар гоёж гангалах боломж ховор. Өөртөө байгаа ганц “үнэгүй” брэнд биеэрээ л өдөр бүр гоёдог. Ихэвчлэн спорт хувцас өмсдөг.   

-Аль нэг хэсэгтээ шивээс хийлгэхийг хүсдэг үү?

-Үгүй. Гэхдээ их сонирхдог. Гоё хийлгэсэн нь гоё харагддаг шүү дээ.  

-Та үндсэн мэргэжил юу билээ?

-Хүнсний технологи, эрүүл ахуйч.  

-Бодибилдингийн залуучуудаа эмэгтэй хүний нүдээр харж байв уу? 

-Харж байгаагүй гэж худлаа яриад яах вэ, харж байсан. Гэхдээ нэг удаа шүү. Аймар гоё порпорцтой сайхан залуу байдаг. Харин одоо тамирчин гэсэн үүднээс нь хардаг болсон.

-Фитнессээр хичээллэдэг эмэгтэйчүүдтэй залуус ихэвчлэн дотно харилцаа үүсгэхийг хүсдэг гэсэн?

-Тийм үү. Гэхдээ зарим үед өдөж, хоргоох үе гарна аа.  Нэг онгирчихдог юм бил үү. Ер нь фитнессээр хичээллэдэг бүсгүйчүүд өөрөөрөө бүтээгдсэн урлагийн бүтээл шүү дээ. Тэгж харж чадсан нэгэнд нь мэдээж өөр ертөнц шиг санагддаг байх.  

-Нөхөр эсвэл найз залуутай юу?

-Намайг их дэмждэг сайхан залуу байсан ч одоо больсон.  

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

 -Сайн тамирчин бэлтгэх, амжилтаа ахиулах.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Бадамсүрэн: Залуус надад юм хэлбэл “Булчинлаг нударгаа буулгана байх” гээд айдаг байх   
Үзсэн: 12126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-05-12 17:35
ta nar uursdu chadku bjiij zuger du bai ???
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-05-10 16:09
bukchinlag nudarga ch geh shig neeh yavsangui ee naa chin uuriiguu het unelsen huuhen bna
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-05-09 20:08
amjilt
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-09 19:34
Doping test avch bn uu ta nar ?!
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-05-09 18:51
Mundag tamirchin busguide haluun bayr hurgej,tsaashdiih ni ajil amidral sportod undur amjilt husey.baharhaj demjij yavdag shu.Uragshaa
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-05-09 17:42
Уралгийн бштээл байлаа юу
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-05-09 17:41
Za ailaa yu

Бидэнтэй нэгдээрэй