
Эх орны дайны үед Зөвлөлтийн цэргийг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тийрэлтэд пуужин харвагч "Катюша"-гийн тухай сонирхолтой зүйлсийг аугаа эх орны ялалтын энэ өдөр эрхэм уншигчдадаа дэлгэе. Дайны үеэр "Попково" гэдэг тосгоны ойролцоо болсон тулалдааны үеэр зөвлөлтийн цэргүүд германчуудын эсрэг "Катюша"-аар галласны дараа герман цэргүүд оросуудыг маш олон их буугаар зэрэг галлаж байна гэж бодсон гэдэг.
- 1937 онд зөвлөлтийн нисэх хүчний ангиуд 82 мм болон 132 мм-ийн тийрэлтэд сум хүлээн авч ашиглаж эхэлсэн бөгөөд уг тийрэлтэд сумыг армид ашиглах боломжтой юм байна гэдгийг олж харжээ.
- 1941 онд Зис-6 машин дээр суурилсан 16 тийрэлтэт сум бүхий машиныг үйлдвэрлэж гаргасныг "Бм-13" гэж нэрлэх болсон юм.
- Үйлдвэрээс гарсан анхны "Бм-13" машины кабин дээр нь томоор "К" үсэг бичсэн байсан нь "Катюша" гэж нэрлэх эхлэл болсон гэж үздэг.
- 1941 оны наймдугаар сарын 8-ны өдөр ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэд артиллерийн анхны 8 хороог бий болгосон бөгөөд есдүгээр сарын 12-нд 9 дэхь хороог байгуулж байв. Тухайн үед тийрэлтэд артиллерийн нэг хороо нь 5-10 секундын хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужингууд нь 100 гектор талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа.
Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлсийг шатаадаг байсан учраас дайснууд зэвсэгийг аюултайд тооцож байсан юм.
- Шинэ зэвсэг болох "Бм-13"-ыг нууцлах тухай чухал шийдвэрийг 1941 оны есдүгээр сарын 8-нд гаргасан байдаг. Уг тийрэлтэд артиллерийн ангиудыг бусад анги, нэгтгэлээс тусгаарлан, "Гвардын миномётын ангиуд" гэж нэрлэх болжээ. Энэ ангид алба хаах цэргүүдийг хүртэл нарийн шалгуураар сонгож авч байв. Шинэ зэвсэг дээр ажиллах сургалт дууссаны дараа цэрэг бүрийг уг машиныг дайсны гарт оруулахгүй гэсэн тангараг өргүүлдэг байсан. Мөн машин нэг бүрт өөрийгөө устгах зориулалтай 30 кг тэсрэх бодис байрлуулсан байсан юм.
"Катюша"-г 1941 оны долоодугаар сарын 14-нд анх удаа ашигласан, гэхдээ тухайн үед германы хуурай замын цэргийн командлагч байсан генерал Франц Гальдерын 1941 оны наймдугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэл дээр "Оросуудад гал шидэгч автомат их буу байна .... Уг буу цахилгаан шиг хурдан бууддаг... Буудах үедээ их утаа гаргадаг.... Уг бууг олзолвол яаралтай илтгэх," гэж бичжээ.
Энэ зэвсэг Москва, Сталинградын хамгаалах, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Байлдааны байрлал эзлээд маш хурдан буудлага хийчихээд нуугддаг байсан. Хамгийн гол дутагдал нь уг пуужингаар 3 км-ээс хол зайд буудлага хийх боломжгүй байсан билээ. Тулалдааны үед германы танкын довтолгоог "Катюша" машиныхаа урд дугуйг нь газар ухаж суулгаад дайсны танктай зэрэгцүүлж байгаад буудаж зогсоож байсан тохиолдол хүртэл гарч байсан гэнэ. Дайны эхэн үед пуужин хомсдолтой байсан хэдий ч удалгүй пуужингийн үйлдвэрлэл сайжирч, дайны явцад бүр 300мм-ийн пуужин хүртэл хийж байсан түүхтэй.
Катюша пуужин, Катюша дуу болсон түүх
Орос, Зөвлөлтийн нэрт яруу найрагч М.Исаковский шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч М.Блантер ая зохиосон энэ дуу 1938 онд “мэндэлжээ”.
КАТЮША
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.
Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла.
Ой ты, песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.
Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.
Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.
Дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдан өргөн дэлгэр тархсан эл дууны шүлгийг Баатар ван Н.Наваан-Юндэн монгол хэлээр буулгасан нь “Соёл Эрдэнэ” түүвэр зохиолд /1976 он/ нь бий. Сонирхуулвал,
КАТЮША
Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээр гараад ирлээ Катюша,
Эгц огцом өндөр эргэн дээр.
Гарч ирсээр дуугаан аялан дуулав
Цөлийн буурал бүргэдээ дууллаа,
Зүрхний хайртаа мөрөөдөн дууллаа,
Захидлыг нь хадгаласнаа дурдан дууллаа
Хай, чи дуу минь, охины минь дуу минь,
Хурц нарны хойноос нисээрэй
Хол хязгаарын байлдагч түүнд
Хүүхэн Катюшаас мэндийг хүргээрэй
Эгэл охиныг дурдан дурсаг тэр,
Эгшигт дуугий нь тодхон сонсог тэр,
Эх орноо хамгаалаг тэр,
Энд Катюша хайраа хадгална.
Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээрээс эргэж одлоо Катюша,
Өчүүхэн зөргөөр гэртээ харилаа.
Халх голын хөвөө, Брестийн цайзын бэхлэлт, Берлины хана, Вьетнамын битүү ширэнгэ, Солонгосын хойгт эгшиглэж байсан энэ дуу өнөөдөр 78 "насны" сүүдэр зэрэгцэж байна.
Халх голын хөвөө, Берлины хана, Вьетнамын битүү ширэнгэд ч “Катюша” хэнийг ч орхиогүй | ||
Үзсэн: 3269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.