
Америкийн кино урлагийн хамгийн алдартай жүжигчин Кэтрин Хотон Хепбёрн 1907 оны тавдугаар сарын 12-ны энэ өдөр Коннектикут мужийн Олд Сэйбрук хотод төржээ. Тэрбээр Оскарт 12 удаа нэр дэвшиж, дөрвөн удаа алтан баримлыг хүртсэн юм. Түүнийг Америкийн кино судлаачид “Холливудын хойморт залрах алдартан” хэмээн дүгнэдэг юм.
Жүжигчин бүсгүй 12 настайгаасаа л сонирхогчдын театрын ажилд оролцох болж, 1928 онд Балтиморд мэргэжлийн анхны үзэгдлээ толилуулсан байдаг байна. Удалгүй бродвейд тоогдон филадельфийн брокер Огден Смиттой гэрлэж, 1934 онд гэрлэлтээ цуцалжээ.
Театруудад удаан тогтдоггүй ч олны талархал хүлээсэн Кэтрин дэлгэцийн анхны дүрээ 1932 оны “Салалтын зардал” бүтээлээс авч, 1933 оны “Өглөөний гялбаа”-гаар Оскар хүртэж, “Бяцхан авхай”-гаар улам алдаршсан юм.
Тэрбээр амьдралдаа маш цөөн удаа хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд түүний ярилцлагууд түүнийг нас барсны дараа л олон нийтэд дэлгэгдсэн юм. Кэтрин нэгэн ярилцлагадаа “Оскарын ёслолд очихоос ичээд байдаг юм” хэмээн шулуухан хэлсэн байдаг байна.
60 гаруй жил Холливудын тэргүүлэх зэргийн эмэгтэй жүжигчин гэгдсэн Кэтрин Хепбёрн олон шинэ хэв загварыг бий болгож байсан нөлөө бүхий нэгэн байв. Хамгийн энгийн жишээ гэхэд Кэтрин бүсгүйчүүд яг эрчүүдтэй адил өмд өмсөх эхлэлийг тавьсан нэгэн аж. Өмд өмсөх хэв загварыг урлагийн тайзнаа хүртэл аваачсан түүний энэ мода орчин үеийн бүсгүйчүүд өмдийг чөлөөтэй өмсөх болсон шалтгааны эх үндэс болсон гэж хэлж болно.
Тэрбээр 2003 онд 96 насандаа нас баржээ.
Америкийн хамгийн алдартай жүжигчин Кэтрин Хепбёрн өнөөдөр мэндэлжээ | ||
Үзсэн: 2486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.