Шууд Chart

Монголын компани Ази-Номхон далайн бүсийн шилдгүүдийн нэгээр шалгарчээ

2016-05-23 14:58:32

Өнөөдөр Ази-Номхон далайн бүсийн шилдэг 16 гарааны компанийн нэгээр манай улсын компани тодорсон тухай таатай мэдээг дуулгаж байна. Хөндлөнгийн үнэлгээний олон улсын 4 том байгууллагын нэг болох “Эрнст энд Янг” компани дэлхийд танигдаж, хурдацтай амжилт олж байгаа гарааны компаниудыг шалгаруулж, цаашид бизнесээ өргөжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа тэлэхэд нь тусладаг юм.

Шалгуур өндөртэй учраас дээрх жагсаалтад багтах төдийлөн амаргүйд тооцогддог ч энэ онд манай улсын Болортуяа захиралтай “Сиберри Фарм Продактс” ХХК Ази-Номхон далайн шилдэг 16 гарааны компанид багтаж чаджээ. Шилдгүүдийг гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, компанийн алсын хараа, стратегийн бодлого, манлайлах чадвар болон шинийг санаачлах чадвар зэрэг шалгуурт суурилан сонгосон байна. “Сиберри Фарм Продактс” компанийн хувьд, чацаргана жимсний орцтой арьс арчилгаа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.

БНХАУ-ын Шанхай хотод болсон Стратеги хөгжлийн форумын үеэр шилдэг гарааны компанийн батламжаа гардан авсан “Сиберри Фарм Продактс” компанийн захирал Болортуяа АНУ-ын Дюкийн их сургуульд зам гүүр, дэд бүтцийн инженер мэргэжлээр бакалавр, Калифорнийн олон улсын их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан нэгэн. Тэрээр олон улсын хэд хэдэн брендэд ажиллаж, туршлага хуримтлуулсны дараа 2012 онд эх орондоо эргэн ирж, өөрийн эцгийн чацарганын аж ахуйг өргөжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Болортуяагийн “Сиберри Фарм Продактс” компани Франц, Америк, Өмнөд Солонгосын химич мэргэжилтнүүд төдийгүй олон улсын хэд хэдэн үйлдвэртэй хамтран, “Монголын гайхамшигт жимс” тодотголтой чацарганыг олон улсын зах зээлд танилцуулахаар ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Монголын компани Ази-Номхон далайн бүсийн шилдгүүдийн нэгээр шалгарчээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй